logo
Сангийн сайдын дэмжлэгтэй орон нутагт анхны цахим сургууль байгуулагдлаа

Сангийн сайдын дэмжлэгтэй орон нутагт анхны цахим сургууль байгуулагдлаа

2011/09/27
Сангийн сайд С.Баярцогт өнгөрсөн амралтын өдөр Сэлэнгэ аймагт ажиллаж хүүхэд багачуудын сурах орчныг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа цахим сургуулийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Сэлэнгэ аймгийн Г.Бумцэндийн нэрэмжит 12 жилийн 1 дүгээр дунд сургууль 1500 сурагчид, 104 багш, ажилчидтай томоохон сургууль бөгөөд Сангийн сайд С.Баярцогтын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутагт анхны цахим сургууль болон өргөжиж байгаа юм. Энэхүү цахим сургуулийн “Эрдмийн түлхүүр” 2.5 систем нь Ерөнхий боловсролын сургуулийн дотоод үйл ажиллагааг програм хангамжаар хялбар системтэй, хяналттай цахим хэлбэрээр явуулах боломжийг олгодог өнөөгийн шаардлага хангасан өндөр технологийн нэгдсэн удирдлагын систем юм. Энэхүү технологи нь Эм-Си-Эс компаний монгол инженеруудын ур ухаанаар зохион бүтээгдсэн бөгөөд улсын хэмжээнд 15 дахь сургууль, орон нутагт анхны сургууль болж байгаа онцлогтой юм.
Сангийн сайд С.Баярцогт нээлтийн үеэр тус сургуулийг 1984 онд төгсөж байсан үеэ дурсаад  олон жилийн дараа төрөлх сургуулиа хөдөө орон нутагтаа анхны үлгэр жишээ цахим сургууль болж байгаад ихэд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр орчин үеийн сургалтад түгээмэл хэрэглэгддэг ухаалаг самбар, компьютер, хэвлэгч, хувилагч төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон ийм сайхан лаборатори анги танхимтай Монгол Улсын цөөхөн сургуулиудын нэг болж байгаад баяр хүргэхийн хамт хүүхэд багачуудыг мэдээлэл технологийн ололтыг эрдэм боловсролдоо зөв ашиглаж амжилттай сайн суралцахыг хүсээд “Хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно” гэсэн сайхан үг бий. Түүнийг суралцах хугацаандаа амжилттай хэрэгжүүлж яваарай” гэдгийг дүү нартаа захиж байлаа.
136 сая төгрөгийн өртөг бүхий энэхүү цахим технологи нь сургуулийн мэдээлэл, сургалтын програмыг системд холбож, сурагч багш нарын бүртгэлийг электрон хэлбэрт шилжүүлсэн бөгөөд ингэснээр багш сурагчдын харилцаа холбоог сайжруулах, илүү хялбар болгож байгаа юм. Ялангуяа эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн програм, сурлагын амжилт, ирц зэргийг хаанаас ч хянаад байх боломжтой зэргээрээ давуу талбай юм. 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш