logo
Буддагийн далд ертөнцийн улаач Түвдийн их Чойжин...

Буддагийн далд ертөнцийн улаач Түвдийн их Чойжин...

2015/03/20

Түвдийн төрийн их чойжин удахгүй Монголд айлчилж магадгүй. Магадгүй гэдэг нь ямар учиртай юм гэвэл тэрээр одоо ОХУ-ын Сочи хотод энэ сарын 16-нд эхэлсэн шатрын дэлхийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээнд зочилж очоод байгаа бөгөөд 23-25-нд мөн  Буриадын нийслэл Удаан Үүд хотын Ламрим хийдэд ном айлтгах аж. Тиймээс аян зам зуураа тэрээр Монголд ирж магадгүй юм. Гэвч Монголын бурханы шашны холбооноос энэ  тухай мэдээлэл одоогоор өгөөгүй байна. Өмнө нь Монголд хэд хэдэн удаа ирж байсан Чойжин Түвдэн Ногдов (Thupten Ngodup) бурханы шашныг хамгаалж ирсэн далдын увидастай гүртэн билээ.

Далд ертөнцийг холбож, шашин болоод улс орны ирээдүй, хүмүүн олонд тохиолдох гай зовлон, саад бэрхшээл бүхнийг урьдчилан харж, авралын гарц, зам зааж өгдөг түүний адил онцгой увидастай хувилгаад Түвдийн засгийн газрын онцгой хамгаалалт дор байдаг бөгөөд тэдний биеэр дамжиж Далай ламыг ивээдэг Дорж Драгдэн бурхан орж ирдэг гэж үздэг байна. Анх IV Далай лам (1617–1682) Түвдийн шашин, төрийн тэргүүнээр залрахад Дорж Драгдэн бурхан түүнд дүр үзүүлсэн учир Далай лам тусгайлан хийд байгуулж Дорж Драйан Линг гэсэн нэр өгч байсан түүхтэй аж. Энэ цаг үеэс эхлэн Дорж Драгдэн бурхан Далай ламыг үеийн үед хамгаалах сахиус болсон байна.

Харин энэ бурханыг зөвхөн Чойжин бээр өөрийн биед буулгаж сургаал номыг нь түмэн олонд хүргэдэг. Чойжин бурханы ишийг хүлээн авч байгаа үеийг Чойжин буух гэдэг. Энэ нь бөө буухтай төстэй үйл явдал бөгөөд түвдийн бөөгийн “бомбо” шашны зан үйлээс өвлөн авсан шарын шашны нэгэн төрлийн зан үйл билээ. Бөөгийн шүтлэгтэй ижил төстэй зүйлүүд нилээд олонтой энэ үйл зөвхөн төрийн үйл хэргийн төлөө, эсвэл айл, гал голомтын үйлийн төлөө буух гэж хоёр янз  байдаг байна. Чойжин буухын өмнө долоо хоног цээр хийж  “жолх” хэмээх номыг уншиж бэлгтэдэг аж.   VIII Богд Жавзандамба хутагтийн дүү Чойжин лам Лувсанхайдав Монголын хамгийн сүүлийн шашин, төрийн Чойжин байжээ. Түүнд  зориулан 1904 онд “Чойжин лам”-ын сүмийг барьж эхлэн 1908 онд ашиглалтад оруулсан байдаг. Лувсанхайдав Чойжин лам харин хувь хүний үйл замд буудаггүй, улс оронд тохиолдох аюул, гай зовлонг зайлуулахын төлөө буудаг байсан гэдэг.

Тэрээр Чойжин буухдаа их чогчин дуганын голд, их суудал  дээр суух бөгөөд дөрвөн талаас нь гинжлүүлсэн байдаг байж. Эргэн тойрон лам нар ном уншиж байх бөгөөд дэргэд нь чойжингийн хэлмэрч лам тусгайлан байдаг. Тэр лам Чойжингийн суганд толгойгоо хүргэн чагнаж аврал айлдлуудыг нь дамжуулдаг. Лам нар Чойжингийн сахиусыг залах номыг уншиж байх үед Чойжин оршилоо гэж хэлбэл Чойжингийн дуулга өргөн тэргүүнд нь өмсгөнө. Үүний дараа Чойжин сэлэмээ түшин босож сагалдаргаа унжуулан цамнаж зүүн баруунаа дэгдэн үсчиж, сэлмээ цавчилан, үзүүрийг нь эвхэн зангидаж шидэлнэ. Тэр үед хэлмэрч лам суганд нь тулж аврал айлтгаж хүмүүс мэдээлнэ. Ингээд бууж дуусах үедээ сэлмээ газар шаан, хөдөлгөөн нь намдан сулрахад араас нь хоёр хүн түшиж авна. Чойжин бууж байх үедээ хүчтэй онгод орсон байдаг учир амнаас нь цагаан хөөс цахран байдаг аж. Ингээд хэсэг байгаад ухаан орж, дуулга тайлаад хуучин хэвэндээ ордог байна.

XIV Далай ламын Чойжингуудад “Найчүн” хэмээх хүндэлэл хүлээлгэдэг бөгөөд  Хятадын соёлын хувьсгалын үеэр Түвдээс дүрвэсэн Найчүн Далай ламын хамт Энэтхэгийн Дарамсала хотод сууршиж олон жилийн нүүр үзсэн боловч өөрийн сүм хийдгүй байсаар эцэст нь гадаадын хүмүүнлэгийн байгууллагуудын тусламжтайгаар хийд байгуулан 1985 оны гуравдугаар сарын 31-ны өдөр Далай лам шүншиглэн нээж байжээ. Өнөө энэ хийдэд Найчүн чойжин тэргүүлсэн 70 лам шавилан сууж байгаа аж.

Далай ламын арвангурав дахь Найчүн байсан  Лувсан Жигмээ чойжин нас дээр гарч 1984 онд таалал төгссөнөөс хойш дараагийн чойжин гурван жилийн турш төрөөгүй учир Далай лам түүнийг эргэж төрүүлэх зан үйл хийхийг байнга хүсдэг байсан аж. Харин нэгэн удаа ээлжит ийм зан үйлийн үед үеийн олон лам нарын дунд сууж байсан Түвдэн Ногдов ламтанд гэнэт онгод орсон байна. Шашны уламжлал ёсоор энэ нь Найчүн буюу Дорж Драгдэн бурхан түүний биед орсон гэж үзэж Далай ламд тэр даруй мэдэгдсэн аж. Далай ламтан түүнтэй уулзаж, зөвлөгөө өгсөний дараа гурван сар нямба хийлгэн бие сэтгэлийг нь бэлдээд 1987 есдүгээр сард Түвдийн төрийн их чойжингоор зарлажээ. Тэр үед шинэ чойжин 29 настай байжээ.

Далай лам түүнээс төрийн үйл хэрэг, олон улсын байдал, улс түмэн, дэлхий ертөнцөд тохиож болох аюул сүйрлийн талаар зөн сэрэмжлүүлэг сонссдог бөгөөд аливаа тулгамдсан асуудалд санал зөвлөгөө авдаг байна. Чойжин цагаан сарын шинийн нэгэнд бууж, дэлхий ертөнцийн үзэгдэл, үйл явдал, цаг агаарын төлөв зэрэг хамаг амьтаны тусын төлөө сэрэмжлэх зөн мэдээлэл бүхнийг хүлээн авдаг байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш