logo
УИХ-ын дарга БНПУ-ын Шадар сайд, Эдийн Засгийн сайд Януш Пехочиньскитэй уулзалт хийв

УИХ-ын дарга БНПУ-ын Шадар сайд, Эдийн Засгийн сайд Януш Пехочиньскитэй уулзалт хийв

2015/03/20

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.03.19/ Бүгд Найрамдах Польш Улсын Шадар сайд, Эдийн Засгийн сайд ноён Януш Пехочиньскийг хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Польш Улсын Шадар сайд, Эдийн Засгийн сайд ноён Януш Пехочиньски уулзалтын эхэнд, энэхүү айлчлал нь хоёр улсын парламентын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа өнөөдөр хүрсэн түвшинээс илүү хөгжих бүрэн боломж харагдаж байна. Бид боломжоо 100 хувь ашиглаж чадаагүй байна.  Польшийн эдийн засгийн өсөлт хамгийн сүүлийн гүйцэтгэлээр 3,5 хувьтай байна. Бид ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн тасралтгүй хөгжлийг хангах зорилт тавин ажиллаж байгаа. Энэхүү эдийн засгийн хөгжлийг тогтвортой хангахад танай улстай харилцах хамтын ажиллагаа ч чухал юм. Бид хоёр орны хоорондын бизнес уулзалтуудыг энэ онд ойр давтамжтайгаар зохион байгуулах бөгөөд цуврал уулзалтуудыг уул уурхай, хүнсний бүтээгдэхүүн болон бусад хамтарч болох салбарыг хамруулан зохион байгуулахаар төлөвлөөд байна. Монгол Улс бол байгалийн баялаг ихтэй, харилцан бизнес явуулах боломж ихтэй улс гэж дүгнэдэг. Бид танай улстай зөвхөн уул уурхай салбарт бус, харин эрчим хүч, хөдөө аж ахуй тэр дундаа мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах гэх мэт олон талаар хамтран ажиллах боломж бидэнд байна. Польш Улсын хувьд нүүрснээс эрчим хүч гаргахад арвин туршлагатай орны нэг. Мөн ил уурхай, далд уурхайн стандартыг бид сайтар хангаж ажилладаг. Энэхүү туршлагаас ч хуваалцах боломж бий. Польшийн бизнес эрхлэгчид Монголоос ямар бүтээгдэхүүн импортлох тал дээр мэдээлэл багатай байна. Манай Эдийн яамны зүгээс Польшийн Элчин Сайдын Яамны үйл ажиллагааг Улаанбаатар хотод сэргээх болсонд баяртай байгаа. Учир нь Улаанбаатар хот дахь Элчин Сайдын яамны үйл ажиллагааг зогсоосон нь эдийн засгийн хамтын ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлсэн. Цаашид Монгол Улсад хөрөнгө оруулах Польшийн компаний тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Одоогоор Польшийн 28 компани Монголд хөрөнгө оруулалт хийсэн статистик дүн бий. Польшийн талаас дэлхийд танигдсан томоохон компаниуд ч Монголд хөрөнгө оруулах сонирхол байгаа гэдгийг  онцлон тэмдэглэв. 

УИХ-ын дарга З.Энхболд, хоёр орны өнөөдөр хүрсэн улс төрийн харилцаанд сэтгэл хангалуун байна. Бид манай улсын гуравдагч хөрш Европын Холбооны гишүүн Польш улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг. Таны хэлсэнчлэн, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт бид хамтран ажиллах тал дээр хоёр улсын Засгийн газар чухал үүрэг гүйцэтгэнэ. Хоёр улсын хооронд дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулах нь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй гэж үзэж байна. Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг манай улсын засгийн газраас ойрын хугацаанд шийдвэрлэх болно. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комисс чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд анхдугаар хурлын үеэр тохиролцсон ажлыг хэрэгжүүлэх нь чухал. Худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжсэн арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, бизнес эрхлэгчид хоорондын шууд хэлхээ холбоог дэмжин, хууль тогтоох байгууллагын түвшинд анхаарах нь чухал болохыг тэмдэглэлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, З.Баянсэлэнгэ, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Монгол Улсаас Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд А.Ганбаатар болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш