logo
УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайд Эйлко Жейгэрийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайд Эйлко Жейгэрийг хүлээн авч уулзав

2015/03/26

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Жейгэрийг өнөөдөр /2015.03.25/ хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд ноён Эйлко Жейгэрийг Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, танилцаж байгаадаа таатай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж буйг онцлоод худалдаа, хөрөнгө оруулалт нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны чухал салбар болохыг тэмдэглэв. Түүнчлэн Монгол, Канадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах хэлэлцээрийг тохирох ажлын хэсгийн хурал сэргэсэнд баяртай байгааг илэрхийлсэн юм. Мөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг уул уурхайгаас гадна канад модон барилга, хөдөө аж ахуй, боловсрол, дэд бүтэц, эрүүл мэнд, өвлийн спорт зэрэг чиглэлээр өргөжүүлэх боломж бийг онцлов.

Ноён Элчин сайд Эйлко Жейгэр Улсын Их Хурлын даргыг цаг зав гаргаж хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллана гэдгээ дуулгалаа. Мөн тэрээр уул уурхай, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг ч идэвхжүүлнэ гэдгээ онцолсон юм.                 

Элчин сайд Эйлко Жейгэр нь 1960 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нидерландын Вант Улсын Дэдэмсваарт хотод төрсөн. Баруун Онтариогийн Их сургуулийг Хууль зүйн бакалавр зэрэгтэй дүүргэжээ. Тэрээр 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогджээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш