logo
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ

2015/04/22

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар зарим аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 4-нд анхны ой, хээрийн түймэр бүртгэгдсэнээс хойш 89 удаагийн түймэр гарчээ. Өнгөрсөн өвөл нийт нутгаар цас бага орсноос хуурайшилт ихтэй байна. Мөн салхины хурд их байгаа нь түймрийн тархалт нэмэгдэхэд нөлөөлж байна гэж ОБЕГ-ын дарга хэллээ.

Хэнтий  аймгийн Баян овоо суманд 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ний өдөр гарсан хээрийн түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар сумдыг хамарч хурдацтай тархсан байна. ОБЕГ-аас түймэр унтраах ажилд аймаг, орон нутгийн иргэд болон Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь аймгаас нэмэлт бүлгүүдийг татан оролцуулж, 4 дүгээр сарын 17-нд түймрийг цурманд бүрэн оруулжээ. Энэ түймрийг унтраахад 600 гаруй хүн ажилласнаас Зэвсэгт хүчний албан хаагчдыг анх удаа  дайчлан оролцууллаа гэж Бригадын генерал Т.Бадрал мэдээллээ.

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймэрт өртөж орон гэргүй болсон  айл өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр  олгох,  ус тээвэрлэх машин улсын нөөцөөс гаргах,  гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон түргэн тусламжийн  автомашин олгох, түймэрт өртсөн малчдад Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Ховд аймгийн Булган, Төв аймгийн Бүрэн, Булган аймгийн Булган сум дахь улсын нөөцийн цэг, салбаруудад хадгалагдаж байгаа 730 тн өвсийг үнэгүй тараах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа гэж Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга М.Энх-Амар хэллээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий комдандлагчийн шийдвэрээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, галын зурвас татах зориулалтаар Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд байгаа “БМП” маркийн байлдааны зургаан машиныг зэвсэглэмжгүйгээр Онцгой байдлын ерөнхий газарт  шилжүүлж,  эдгээр машиныг гал унтраах зориулалтаар тоноглоход шаардагдах хөрөнгийг шийдвэрлэсэн гэлээ.

Хэнтий аймгийн Дадал, Дорнод аймгийн Баян-Уул сумын зааг Ульханы заставын чиглэлээр орж ирсэн түймрийг хил дээр нь барих зорилгоор бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Дашбалбар сумын нутгаар орж ирсэн түймрийг цурманд оруулсан тухай мэдээлэл ирээгүй байна. Энэ түймэр салхины хүч нэмэгдвэл нутгийн гүн рүү орох магадлалтай гэж Гал түймэртэй тэмцэх газрын дарга  С.Залуухүү хэллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш