Соёлын төв өргөөнөө "дэлхийг аврах" багийнхан цуглажээ. Тус багт Арго багш, Сарандаваа,судлаач Бат-Отгон, Чингэс хааны академийн тэргүүн Нямдаваа, Орифлеймийн Оюунгэрэл, хотын мээр Бат-Үүл, МУГЖ Жавхлан нар багтсан байна.
Олноос онцгой өөр өөрийн гэсэн содон имижтэй эрхмүүд энэ удаад тайзны бүтээлд дүрээ мөнхөллөө.
Онцгойлон энд дурдахад, "Мөрөөдлийн баг дэлхийг аварна" хошин шоу тоглолтод дээрх эрхэмүүд өөрсдийн биеэр оролцоогүй юм. Мөрөөдлийн театрынхан нөхөрсөг элэглэж шинэ хошин шоу тоглолтынхоо гол дүрүүдээр сонгосон нь энэ.
Энэ удаагийн тоглолтын онцлог нь жаахан хүүгээ харж гэртээ байсан Дөлгөөнөө нь ажилд орж, шинэ кинонд ажиллаад түр чөлөөтэй байсан Батушка нь эргэн ирж бүрэн бүрэлдэхүүнээрээ хүч түрэн дайрч байгаа. Тийм ч учраас "Мөрөөдлийн баг дэлхийг аварна" хошин шоу тоглолт үнэхээр энэ хаврын тэсрэх бөмбөг болж байна.
Тоглолт энэ сарын 11-нээс өдөр бүр 19 цагаас тайзнаа тавигдаж, тоглолтын тасалбар эрэлттэй байна.
Д.Ана