logo
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2015/04/28

Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд,

- Тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгалаа.


- 2015 оны 5 дугаар сарын 18-21-нд Улаанбаатар хотод болох Азийн залуучуудын чуулганыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.

- УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын санаачлан боловсруулсан Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд  зарчмын хувьд дэмжиж, сайд нараас  ирүүлсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

- УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нарын санаачлан боловсруулсан Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд,  сайд нараас  ирүүлсэн саналыг хуулийн төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

- Хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамлын тариалалтыг төлөвлөсөн хэмжээнд хүргэж зохион байгуулах, ирэх жилийн тариалах талбайг уриншлах ажлыг чанартай гүйцэтгэх, хөрс хамгаалах, га-гийн ургацыг нэмэгдүүлэх зорилгоор технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, газар тариалангийн салбарыг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын баримт бичгийн төсөл боловсруулан Засгийн газарт оруулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгалаа.

- Архангай аймгийн Цахир сумын нутаг, Содномдаржаа уулын өврөөс олдсон занданшуулсан шарилыг хамгаалах, сэргээн засварлах, орон нутагт нь буцаан байршуулж, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахад зориулж 164 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийнг сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.

- Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш