logo

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

2015/05/04

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 17 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт, “Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээр”-т оруулах нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” нэмэлт протоколыг соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг тус тус нийтэллээ.

Түүнчлэн Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Зарим хүмүүсийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтлэв.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоожээ.

Тогтоолын дагуу, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 126 500 /нэг зуун хорин зургаан мянга таван зуун/ төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 58.000 /тавин найман мянган/ төгрөгөөр тус тус тогтоон мөрдөх ажээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Үүгээр төсвийн зарим байгууллагыг тухайлбал, Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөрийн судалгааны институтийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд нэгтгэн “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв” болгон өөрчлөх, Эрүүл мэндийн яамны харьяа Эмийн сорилын лабораторийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лабораторид нэгтгэхээр өөрчлөн зохион байгуулахаар болжээ.

Мөн Монголын амьтан, ургамлыг хамгаалах үндэсний хорооны ажлын алба, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Улсын Их Хурлын ордон барих төслийг хэрэгжүүлэх нэгж зэрэг төсвөөс санхүүждэг нэр бүхий хороо, зөвлөл, Засгийн газрын тусгай сангийн ажлын албадыг татан буулгаж, орон тоог цомхотгон, чиг үүргийг нь холбогдох байгууллагад шилжүүлэх, зарим байгууллагыг тухайлбал, Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг “Зам тээврийн хөгжлийн төв”, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг-Тээвэр авто замын газрыг “Авто тээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулахаар болжээ.

Түүнээс гадна Удирдлагын академийн үндсэн чиг үүрэг, харьяаллыг хэвээр үлдээж цаашид үйл ажиллагааныхаа орлогоор өөрийгөө санхүүжүүлэх зарчимд шилжүүлэн ажиллуулах, мөн зарчимд Хууль зүйн үндэсний хүрээлэнг шилжүүлэх болсон байна.

Тогтоолоор, төсвийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээг тодорхой тогтоож тэдгээрийг хэрэгжүүлэхийг холбогдох сайд нар болон Төрийн өмчийн хороонд даалгасан байна6

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш