logo
Ялалтын 70 жилийн ойд зориулсан түүхэн баримтат кино бүтээлээ

Ялалтын 70 жилийн ойд зориулсан түүхэн баримтат кино бүтээлээ

2015/05/04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын захиалгаар Эх орны их дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан түүхэн баримтат кино бүтээж телевизийн дэлгэцэнд гаргахад бэлэн болголоо.

“Монголия была первой” нэртэй түүхэн баримтат киног өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд нар уран бүтээлчдээс нь хүлээн авлаа. Түүхэн баримтат киноны зохиолыг Г.Денисов, Ю.Кручкин, В.Майборода нар бичиж, найруулагч, зураглаачаар А.Коваленко ажиллажээ.  Баримтат киног ОХУ-ын Зүүн Азийн академийн “Восток” студид бүтээж, Санкт-Петербург, Улаанбаатар хотуудад зураг авалтыг хийжээ.

Уг кинонд Эх орны их дайн эхэлснийг зарласнаас ганцхан цагийн дараа тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улс дайны цагийн байдалд шилжиж, хамгийн анхлан Зөвлөлт Холбоот Улс /ЗХУ/-д тусламжийн гараа сунган анхны холбоотон болсон талаар архивын ховор түүхэн баримт бичгүүд, гэрэл зураг, ахмад дайчид, тухайн цаг үеийг мэдэх хүмүүс, түүхчдийн дурсамж ярианд үндэслэн өгүүлсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайн, Эх орны их дайны үед Монголын ард түмнээс ЗХУ-д үзүүлсэн тусламж гадаадын орнуудаас үзүүлсэн нийт тусламжийн гуравны нэг нь болсон байдаг. Зөвлөлтийн дайчдын хамт дайны хүнд бэрхийг туулан Берлин хүрч, уналга, ачилгын хамгийн найдвартай хэрэгсэл болж байсан хагас сая агт морьдыг бэлэглэж, тодорхой хэсгийг хамгийн доод үнээр Зөвлөлтийн армид худалдсан талаар уг баримтат кинонд үзүүлжээ. Эх орны их дайны галын шугаманд найдвартай тээврийн хэрэгсэл, уналга болж байсан таван агт тутмын нэг нь монгол морь байсан байна. Мөн Монголын ард түмэн хагас сая тонн мах, хонины ноос нийлүүлж, тэр үеийн Зөвлөлтийн армийн дайчдын өмсч байсан таван шинель бүрийн нэгийг монгол хонины ноосоор хийж байжээ. Монголын ард түмний хөрөнгө, хандиваар Зөвлөлтийн армид “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, сөнөөгч онгоцны “Монгол Ард” нисэх эскадрилийг байгуулсан талаар баримтат киноноос үзэж болно.

Баримтат кинонд ЗХУ-д оюутан байхдаа сайн дураараа цэрэгт мордож, баруун фронтод гурван жил байлдаж явсан ахмад дайчин, бэлтгэл хурандаа  Ц.Алтангэрэл болон дайны жилүүдийн дурсамжийг сэтгэлдээ тээж яваа палеонтологич, академич Р.Барсболд, геологийн шинжлэх ухааны доктор О.Гэрэл нарын яриа, Цэргийн түүхийн төвийн захирал хурандаа С.Ганболдын тайлбарыг оруулсан нь амьд сонирхолтой болгосон байна.

Монголчууд фронтод агт морьд, хоол хүнс, хөрөнгө мөнгө, дулаан хувцсаар тусалж байснаас гадна Монголд амьдарч байсан олон орос иргэд дайнд мордож, алтан амиа зориулсныг баримтат кинонд харуулжээ.

Ялалтын 70 жилийн ойгоор Москвагийн Улаан талбайд болох  ёслолын парадад алхах монгол дайчдын жагсаалын бэлтгэлээс энхийг сахиулагчдын эгнээнд багтаж, дэлхийн цэрэг болсон өнөөгийн монгол цэргийн сүр, жавхааг мөн харж болох юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш