logo
Аав маань монголын урлагт хийсэн бүтээсэн зүйлтэй, өөрийн гэсэн орон зайтай хүн юм

Аав маань монголын урлагт хийсэн бүтээсэн зүйлтэй, өөрийн гэсэн орон зайтай хүн юм

2015/05/22

Тайз, дэлгэцийн урлагт олон сайхан дүрүүдийг бүтээж, ард түмэндээ Равсал панз нэрээрээ хоногшсон МУГЖ Б.Магсаржав гуайн эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолтыг түүний бага хүү, жүжигчин М.Наранмөнх зохион байгуулах гэж байгаа билээ. Түүнтэй аавынх нь биеийн байдал болоод хандивын тоглолтынх нь талаар ярилцлаа.

-Таныг МУГЖ Б.Магсаржав гуайн бага хүү гэдгийг уншигчид эчнээ мэднэ. Сүүлийн үед таны аавын биеийн байдал сайнгүй байгаа талаар мэдээлэл гарах болсон?

-Аав маань артерын судасны бөглөрөл гэсэн оноштой байгаа юм. Энэ бөглөрөл нь нэг газраа биш дөрвөн газар байгаа юм. хиймэл судас шилжүүлэн суулгана гэсэн үг шүү дээ. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон. Хамгийн гол нь энэ хагалгааг гурван газартаа дарааллан хийлгэх учраас их хүнд хагалгаанд тооцогддог юм билээ. Тийм учраас солонгос улсад очиж хагалгаа хийлгэхээр болж байгаа.

 

 -Энэ төрлийн хагалгааг Монголд хийдэггүй юмуу? 

-Уг нь монголдоо хийдэг юм байна билээ. Гэхдээ манайд энэ чиглэлээр мэргэшсэн эмч цөөхөн учраас маш урт дараалал үүсчихсэн байдаг юм байна. Харин аав маань энэ хагалгааг яаралтай хийлгэх шаардлагатай байгаа учраас хүлээж болохгүй байна. Хэрвээ дахиад жаахан удвал энэ бөглөрлөөсөө болж зүрх нь зогсох аюултай. 

-Гурван удаа дарааллан хагалгаанд ороход нийт зардал нь хичнээн болж байгаа вэ. Хандивын данс нээсэн үү? 

-Хандивын данс нээсэн. Нэг судасных нь хагалгаа л 15 сая орчим төгрөг. Гэхдээ энэ бол зөвхөн хагалгааны зардал. Үүнээс гадна хагалгааны дараа нөхөн сэргээх эмчилгээ бас хийлгэх шаардлагатай байгаа. 

-Хагалгаанд зориулсан хандивын тоглолт зохион байгуулах гэж байгаа гэсэн. Энэ тоглолтын тухай ярихгүй юу? 

-Монголын хошин урлаг, рок поп, нийтийн дуучдын хамтарсан хандивын тоглолтыг “Emerald man” продакшн зохион байгуулах гэж байна. Тоглолт энэ сарын 26-нд Улаанбаатар паласт болно. Хошин урлагийн бүх продакшнууд, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУСТА н.Чинболор тэргүүтэй дуучид, “Icetop”, “Digital”, “Motive”, “Бид4” гэх зэрэг хамтлагууд, бүжгийн “Aimar” продакшн оролцоно. Маш олон чадварлаг уран бүтээлчид хүрэлцэн ирж уран бүтээлээ хүргэнэ. 

 

-Яг одоо аавынх нь биеийн байдал хэр байгаа вэ? 

-Аавын минь биеийн байдал мэдээж дээрдээгүй. Хамгийн гол нь нэн яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. 

 

 -Уг нь өнгөрсөн намар Солонгос руу эмчилгээнд явсан гэж байсан?

-Өнгөрсөн намар Солонгос руу явж шинжилгээ өгсөн. Уг нь тэр үед л энэ хагалгаагаа хийлгэх шаардлагатай гэж хэлж байсан юм. 

-Аав нь өөрөө энэ хандивын тоглолт зохион байгуулна гэдгийг хэрхэн хүлээж авсан бэ? 

-Эвгүй л байх шиг байна. Саяхан намайг энэ тоглолтынхоо тухай телевизэд ярилцлага өгснийг үзсэн байна лээ. Аав маань монголын урлагт хийсэн бүтээсэн зүйлтэй, өөрийн гэсэн орон зайтай хүн юм. Тийм ч болохоор урлагийнхан сэтгэлийн дэм болж уран бүтээлээрээ хандив өргөж тоглолт зохион байгуулж байна. “Хөх Монгол принт” хэвлэлийн компанийн хамт олон бидэнд тусалж байна. Хандивын тоглолтонд оролцож байгаа бүх уран бүтээлчиддээ баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Маш олон хүмүүс бидэнд тусалж байгаа.

 -Ард түмнийхээ сэтгэлд Равсал панзын дүрээрээ хоногшсон аавыг тань хурдан эдгэж, дахин олон сайхан уран бүтээлд тоглохыг нь харахыг хүсч байна? 

-Би аавдаа их баярлаж, ааваараа бахархаж явдаг юм. Аав хүнийхээ хувьд бидэндээ түшиг болж, мөн ээжийн минь оронд ээж шиг л байсаар ирсэн. Болдог бол аавтайгаа илүү их хугацаанд хамт байдаг байх юмсан гэж боддог. Би ааваасаа “Та тэдэн настай байхдаа юу хийдэг байсан бэ. Ямар кинонд тоглож байсан бэ” гэж их гэж асуудаг. Аав тэр болгонд гоё сайхан дурсамж ч ярина. Бас жаахан харамсангуй зүйл ч ярьдаг.Тиймээс би аавынхаа хийж чадаагүйг хийхийг хүсдэг. Чадаагүй зүйлийг нь нөхөж хийх маш том зорилго өмнөө тавьсан. Аавынхаа хийж чадаагүй бүхнийг хийх нь миний үүрэг, миний мөрөөдөл. Яагаад гэвэл би Б.Магсаржав гэдэг хүний удам шүү дээ.   

 

Сэтгэгдэлүүд

Дээш