Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Галын аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2015.05.25/ өргөн барилаа.
Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль нь 1999 оны 05 дугаар сарын 28-нд УИХ-аар батлагдсанаас хойш 16 жилийн хугацаанд гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах, гарсан гал түймрийг унтраах талаарх төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хүлээх эрх үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагаа, ажлын уялдаа холбоог зохицуулах үндсэн үүргээ хангалттай биелүүлж иржээ. 2014 онд нийт 4222 удаа обьектын гал түймэр гарч төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчид 11,38 тэрбум төгрөгийн хохирол учирч гал түймрийн аюулд 59 хүн амь насаа алдан, 52 хүн түлэгдэж гэмтсэн нь өнгөрсөн 2013 онтой харьцуулахад гал түймрийн тоо 10,5 хувь, хохирол 15,3 хувиар тус тус өссөн, сүүлийн 10 жилийн байдлаар гал түймрийн тоо жилээс жилд 10-15 хувийн өсөлттэй байгаа нь иргэн, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн галын аюулгүй байдлыг хангуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох галын аюулаас урьдчилан сэргийлэх (ажлыг) арга хэмжээг эрчимжүүлэхэд хууль, эрх зүйн орчныг шинэчлэх нэг тодорхой үндэслэл болж байгааг хууль санаачлагч танилцуулсан.
Энэхүү хуулийн төсөл дэмжигдсэнээр Галын аюулгүй байдлын нэгдсэн дүрэм, Галын аюултай бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэх болон үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх, хадгалах, устгах журам зэрэг эрх зүйн актууд шинээр гарах боломж бүрдэх юм байна.
Барьцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн суурь асуудал гэдгийг хөгжиж байгаа орнууд зүй ёсоор хүлээн зөвшөөрч, холбогдох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгож байна. Манай улс ч барьцааны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “бизнес болон хөрөнгийн бүртгэлийг долоо хоногийн дотор бүртгэдэг тогтолцоог нэвтрүүлэх”, Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-ийн 2.8-д “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай” хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 64 дүгээр тогтоолоор баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийн 3.1.4-т “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зээлийн барьцааны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх”-ээр заасны дагуу хуулийн төслийг шинээр боловсруулсан байна.