logo
 Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг эхлүүнэ

Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг эхлүүнэ

2015/05/26

Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны тавдугаар сарын 25-нд болж, дараах асуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг нэмлээ. Энэ  төслийн хүрээнд 220 кВ-ын 2 хэлхээт 72,3 км цахилгаан дамжуулах шугам, төслийн талбар дахь 110/10 кВ-ын түр дэд станц, Эрдэнэт дэд станцын  110 кВ хүчдэлийн түвшин талын нэг гаргалгааны өргөтгөл, Эрдэнэтийн Говил тосгоноос төслийн талбар хүртлэх 73,9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээгүүр гарах гүүр зэрэг ажил багтаж байгаа юм.

Эгийн голын усан цахилгаан станц нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож тохируулга хийх, оргил ачааллын үед импортыг орлох стратегийн ач холбогдол бүхий обьект бөгөөд эрчим хүчний сүлжээний найдвартай ажиллагааг хангах чиглэлээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой тул Концессын тухай хуульд заасны дагуу станцын эхний шатны ажлыг шууд гэрээ байгуулан гүйцэтгэхээр шийдвэрлэлээ.

Урьдчилсан шатны ажлын зураг төслийг зохих журмын дагуу боловсруулж, магадлал хийлгэсэн бөгөөд барилгын ажлын өртөг 61,3 сая ам.доллар гэж тооцоолсон байна. Төсөл санхүүжүүлэх хөрөнгийг БНХАУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс эргэн төлөхөөр шийдвэрлэжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш