"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 20 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор,тухайлбал, Шүүхийн захиргааны тухай хуулийн “ энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх ба энэ хуулийн 23.6.2-т заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална” гэсэн зэрэг зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэсэн зэрэг заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байна.
Мөн дугаарт, “Цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элемент, газрын тостой холбогдсон үйл ажиллагааны тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ. Тус зарлигаар, Монгол Улсын Их Хурал Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарим зарлигийг хүчингүй болгосны зэрэгцээ цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элемент, газрын тосыг ашиглахтай холбогдсон бодлогын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж байхыг Засгийн газарт чиглэл болгож, түүнчлэн цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элементийн хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөл олгох, эрх шилжүүлэх, мөн газрын тосны хайгуулын бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлж байхыг төрийн холбогдох байгууллагуудын удирдлагад үүрэг болгожээ.
Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт бүрэн эхээр нь нийтлэв.
Дүгнэлтэд, тухайлбал, “Цагаан суварга”-ын ордод улсын төсвийн хөрөнгөөс зарцуулсан нийт хөрөнгийг Засгийн газраас баталсан аргачлалаар тооцон “Монголын Алт” ХХК төрд нөхөн төлсөн болох нь нотлогдож байгаа, “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тогтоолд “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарч байна гэж Үндсэн хуулийн цэц үзжээ.
Иймд дээрх тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/ дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдаад Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргажээ.