logo
Стокхольмын

Стокхольмын "-Аавууд бид аз жаргалыг хамтдаа бүтээнэ" монгол өдөрлөг

2015/05/29

Швед дэх Монголын хэл соёлыг хөгжүүлэх ”Төгс билэгт” төвөөс санаачлан Олон улсын гэр бүлийн өдрийг ийм уриан дор санаачлан зохион байгуулсан билээ. НҮБ-ын тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтээрээ гэр бүлдээ хайр бэлэглэх, аз жаргалыг түгээх баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Тэгвэл энэ жилийн хувьд Стокхольмд хотод ажиллаж амьдарч байгаа монголчууд, гэр бүлийнхний дунд анх удаа энэ баярыг тэмдэглэх санал санаачлагыг ”Төгс билэгт” төв гаргажээ. Арга хэмжээнд сургалтын төвийн бяцхан хүүхэд багачууд тэдгээрийн эцэг эх нийлсэн 200 орчим хүн оролцсон бөгөөд авъяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, эх орноо сурталчилсан танилцуулага, шилдэгүүдээ тодруулсан өргөмжлөл зэрэг хөтөлбөрүүд явагдлаа. Аливаа гэр бүлийн түшиг тулгуур нь болсон аавууд гэр бүлдээ цаг зав их гаргах, хүүхдийн хүмүүжил, хамтын нөхөрлөлд хувь нэмрээ оруулах, амралтын өдрийг зөвхөн гэр бүлдээ гэсэн уриалгыг гаргасан олзуурхууштай юм.

Шведийн нийслэл Стокхольм хотноо ”Төгс билэгт” төв нь 2012 оны 2 сард анх байгуулагдаж 15 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Тэр цагаас хойш 5-12 насны 53 хүүхдийг эх хэлээр нь уншуулж бичүүлэх сургалтыг эцэг эхийн дэмжлэг туслалцаатай тасралтгүй явуулж 2014 оны 5 сард “Эрдмийн баяр”-аа Швед дэх Монголын элчин Сайдын Яам, Монголын Үндэсний Холбоо, Залуучуудын Холбооны Салбар Зөвлөлтэй хамтран хийснээр нутаг нэгт монголчууддаа танил болсон аж.

Шведийн Вант Улсад өдгөө 6000-8000 гаруй Монголчууд ажиллаж амьдардаг бөгөөд жилд дундажаар 100-150 хүүхэд шинээр мэндэлж байгаа нь сургуулийн болон цэцэрлэгийн насны хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Шведэд сургах суралцах эрхийг нь хуульчлан зааж аль ч улсын иргэн Эх хэлээ судлан суралцах цагийг 7 хоногт 2 цагаар программд тусгасан байдаг нь үнэхээр таатай байдаг.

Гэвч суралцаж буй Монгол хүүхдийн ахуйн орчин, харилцааны хэл соёлын онцлог шинж, төрөлх хэл заах мэргэжлийн багш, тухайн сургуульд суралцаж буй монгол сурагчдын тооноос хамааран төдийлөн сайн хамрагдаж чадахгүй тохиолдол байдаг. Иймд бидний өвөг дээдсээс улбаалан ирсэн Монгол хэл соёлоо хойч үе, үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх, эх хэлээрээ цэгцтэй, алдаагүй зөв сайхан ярьж, бичиж, сурахын зэрэгцээ уламжлалт ахуйн ёс заншил, “Зөв монгол хүн” болон төлөвших асуудал алдагдаж байгаад багш нарын сэтгэл түгшсэн үнэхээрийн шийдвэрлэх асуудлын нэг болсон учраас энэхүү төвийн үйл ажиллагааг эхлүүлсэн аж.

Ингээд зорилго нэгт залуусын санаачилан байгуулсан төв нь 2014 -2015 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа өргөжин тэлж “ТӨГС БИЛЭГТ” төв нэртэйгээр Сургалтын алба, Аж ахуйн алба, Хуулийн зөвлөх гэсэн бүтэцтэй болж 4 анги, 6 багш, 120 хүүхэдтэй Монгол хэл, Бүжиг, Шатар, Математик сэтгэлгээ хөгжүүлэх сургалтуудын тусгай программ боловсруулан хичээллэж байгаа юм. "ТӨГС БИЛЭГТ” төв нь 2015 оны 2-р сарын 16-нд Шведийн Вант улсад “Швед Монголын Соёлыг Хөгжүүлэх Төв” нэртэйгээр албан ёсоор бүртгэгдэн үйл ажиллагаагаа Стокхольм хотын “Sensus” цогцолборт явуулж байна.

Үүсгэн байгуулагч нь Шведийн Вант Улсад 5 дахь жилдээ ажилаж амьдарч байгаа Л.Үзмээ юм. Тэрээр Монгол улсын Боловсролын байгуулагад тасралтгүй 26 жил ажилласан бол Швед Улсын боловсролын салбарт 2011 оноос хойш өөрийн бие сэтгэл, мэдлэг боловсролоо зориулж явна.

Багш Л.Үзмээ нь 1984 онд УБ хотын Багшийн Сургуулийг багш мэргэжлээр төгссөн, 1984-1986 онд Нийслэлийн 78-р сургуульд багш, 1986-1998 онд Дархан хотын 10-н жилийн 17-р сургуульд багш, 1998 -2010 онд УБ хотын 4-р сургуульд багшилж байжээ.

Түүний амжилт бүтээлийг үнэлж 1993 онд ШУБЯ-ны “Хүндэт жуух”, 1996 онд “Багшийн алдар” медаль, 1998 онд “Арга зүйч” цол тэмдэг, 2005 онд МАЗХ-ны “Алтан-Од” медаль, 2006, 2008 онд УБ хотын “Хүндэт эмэгтэй” цол тэмдэг, 2008 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг тус тус шагнажээ.

Бэлтгэсэн Р.Слава
/Стокхольм. 2015.05.27/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш