Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов 2015 оны зургаадугаар сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд 1992 оны дөрөвдүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа болж буй өндөр хэмжээний айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын үеэр Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхаж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн холбогдох олон улсын хэлэлцээрт Туркменистан Улс нэгдэж орох талаар болон бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцох болно.