Мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүр хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийдэг. 2014 онд нийслэлд хийсэн шалгалтаар зуслангийн 66.6 хувь нь бага, 4буюу 33.4 хувь нь дунд эрсдэлтэй, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах хяналтын хуудас”-аар 41.6 хувь нь бага, 5 буюу 41.6 хувь нь дунд, 16.8 хувь нь их эрсдэлтэй үнэлэгдэж байсан.
Өнгөрсөн жил гэхэд л зуслан ажиллаж эхэлсний дараахан хоолны хордлого гарч хүүхдүүд олноороо өвчилж байсан учир давтан гаргуулахгүйн тулд Мэргэжлийн хяналтын байгууллагаас дараах нийтлэг зүйлд анхаарахыг зөвлөж байна.
Зуслангууд:
· Барилга, байгууламжийн засвар үйлчилгээ, хүүхдүүд ая тухтай амрах нөхцөлийг хангах
· Хоолны газрын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, ажиллагсдын эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх,
· Багш, гал тогооны ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулах,
· Хүүхдүүдийн хоолонд чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, хүүхдүүдэд цэвэр буцалсан ус байнга өгч байх, усны аюулгүй байдлыг хангах
Эцэг эхчүүд:
· Хүүхдүүдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвд хамруулах, хуурамч үзлэгийн хуудас олгож байвал холбогдох байгууллагуудад мэдэгдэх
Хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас 21 аймаг, нийслэлийн зуслангуудын удирдлага, менежер, эмч нарт сургалт зохион байгуулж байна.
Сургалтаар хяналтын хуудсыг танилцуулах, уг хуудсаар өөрийг үнэлэх, ундны усны эх үүсвэрийг хамгаалах, усан сан, бие засах газарт халдваргүйтгэл хэрхэн хийх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэхэд анхаарах зэрэг чиглэлээр мэдлэг, мэдээлэл, зөвлөмж өглөө.
Манай улсад хүүхдийн 56 зуслан байдгийн 32 нь нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүртгэл бий. Эдгээрийн 22 нь тогтмол ажиллан жилдээ 17 мянга гаруй хүүхэд хүлээн авдаг юм. Хэдийгээр жил бүрийн зургаадугаар сарын наймны өдрөөс зуслангууд хүүхдүүдээ хүлээн авч эхэлдэг ч улаанбурхан өвчний улмаас хойшлож магадгүй байна.