logo
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан боллоо

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан боллоо

2015/06/05

Өчигдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо. Орон нутагт жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх замаар дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох, эдийн засгийн томоохон салбар болох хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар саналаа солилцон холбогдох шийдвэрүүдийг гаргахаар өргөтгөсөн хуралдаан хийж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Улс орон эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед хариуцлага хүлээсэн хүн бүрийн хичээл зүтгэл, идэвх санаачилгатай ажиллагаа нэн чухал байна. Нэг баг болж ажиллаж байгаа бидний хувьд илүү их хүчин чармайлт, идэвх санаачилга шаардлагатай. 21 аймаг, нийслэлийн Засаг дарга, 330 сумын Засаг дарга, 1600 багийн удирдлагууд Засгийн газрын танхимаас гарсан аливаа шийдвэрийг тосч ажиллах учиртай.

Өнөөдрийн бий болоод байгаа эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад Засгийн газар, нутгийн удирдлагын байгууллага хоорондын ажлын уялдаа, удирдах удирдуулах ёс жаяг, харилцан дэмжлэгтэй хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж Ерөнхий сайд хэллээ.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. Энэ ажлын хүрээнд бизнес эрхлэгчдэд учирдаг аливаа хүндрэл бэрхшээлийг арилгах, дотоод зах зээлийг тэлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна.

Тухайлбал, ашигт малтмалын хайгуулын ажлыг сэргээх, алт олборлолтыг нэмэгдүүлэх, шатахууны импортын шинэ эх үүсвэрийг бий болгох, анхны чөлөөт худалдааны гэрээг Япон улстай байгуулсны үр дүнд экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг бодлогын чанартай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

Эдийн засгийн хүндрэлээс гарах нэг чухал арга зам бол уул уурхайн том төслүүдийг хөдөлгөх юм. Засгийн газар энэ дагуу шаардлагатай бүх арга хэмжээг авч, шийдвэрлэн ажиллаж байна.

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар нийт 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах, энэ чиглэлд шинээр ажлын байр нэмэгдэх, дотоодын олон аж ахуйн нэгж, компаниудыг энэ бүтээн байгуулалтад татан оролцуулах бололцоо нээгдэж байна.

Тавантолгойн төслөө төмөрзамын төсөлтэй нь хамт хөдөлгөх шийдвэрүүдийг ойрын хугацаанд гаргана гэсэн итгэлтэйгээр ажиллаж байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өргөтгөсөн хуралдааны эхэнд хийсэн мэдээлэлдээ онцоллоо.

Иргэдийг орон сууцаар хангах, Шинэ сум төсөл хэрэгжүүлэх, аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжлүүлнэ гэж тэрээр хэллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш