Өчигдөр хуралдсан Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд Хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагааны талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн шийдвэрээр 2015 онд аймаг, нийслэл, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах, ажлын байр хадгалах, иргэдийг ажилгүйдэлд өртөхөөс сэргийлэх болон шинэ ажлын байр бий болгох чиглэлээр шинэлэг арга хэмжээг санаачлан зохион байгуулж хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнахыг Хөдөлмөрийн сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог жижиг зээлийн хэмжээ, эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг шинэчлэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөрийн сайдад даалгалаа.
2015 оны нэгдүгээр улирлын статистик мэдээллээр ажилгүйдлийн түвшин 7,4 хувьтай гарчээ. Ажилгүйдлийн түвшин өндөртэй байгаа аймгуудад хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх замаар ажлын байр бий болгох, иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар тодорхой санаачилга гаргах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.