logo
“Монголын соёлын өдрүүд”-ийн нээлт болов

“Монголын соёлын өдрүүд”-ийн нээлт болов

2015/06/14
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол, Францын Гадаад хэргийн яам, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам болон Францын соёл, урлагийг дэмжигч “Флаг Франс Ренасэнс” нийгэмлэг хамтран зохион байгуулж буй “Монголын соёлын өдрүүд”-ийн нээлтийн хүндэтгэлийн ёслол 2015 оны 6 дугаар сарын 11-нд Францын Гадаад хэрэг, Олон улсын хөгжлийн яамны харьяа эртний түүхэн дурсгалт Сэлл Сан Клу шилтгээнд болов.

Франц Улсын Ерөнхий сайдын Тэргүүн орлогч, Гадаад хэрэг, Олон улсын хөгжлийн сайд ноён Лурон Фабиус, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар соёлын өдрүүдийг нээж хэлсэн үгэндээ Монгол, Францын дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан зохиож буй энэхүү соёлын өдрүүд нь урт хугацааны түүхэн харилцаатай Монгол, Франц хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд соёлын салбар чухал байр суурь эзэлдэгийн тод илрэл, түүхэн ач холбогдолтой арга хэмжээ болж буйг онцлон тэмдэглэлээ.

Соёлын өдрүүдийн хөтөлбөрт ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн “Монгол гэр”, “Монгол шагайн харваа”, “Морин хуур”, “Уран бичлэг” зэргийг дэлгэн толилуулж, шагайн харваа наадаж сонирхуулав.

Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавъяат жүжигчин Д.Сосорбарамын найруулснаар "Хөсөгтөн" хамтлаг, Софигийн Дуурийн дуучин Д.Баясгалан, Лион хотын Хөгжмийн сургуулийн сурагч хийлч Б.Нандингуа, уран нугараач Г.Нямгэрэл, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий бүжиг дэглээч Д.Баярбаатар бүжигчдийн хамтаар шилдэг бүтээлүүдээ тоглож, Монгол ардын дуу хөгжим болон дэлхийн соёлын бүтээлийг хослуулан танилцуулснаас гадна Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны шилдэг зураачдын уран зураг, барималууд, монгол дизайнер Ц.Оюунаа, Ч.Сэмдэн нарын ноолууран бүтээгдэхүүн, торгон дээрх зураг,  францын гэрэл зурагчин Хамид Сардарын бүтээлийг танилцуулсан нь зочид үзэгчдийн таашаал, халуун алга ташилтыг хүртлээ.

Нээлтийн хүндэтгэлийн ёслолд нийт 400 гаруй зочид уригдан оролцсон бөгөөд “Монголын соёлын өдрүүд” энэ сарын 14-ний өдрийг хүртэл Сэлл Сан Клу шилтгээнд үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш