Монгол Улс, Кувейт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад хэргийн яам, Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.
Манай хоёр орны хооронд 1975 оны 6 дугаар сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ үеэс хойш Кувейт Улстай улс төрийн найрсаг харилцаа тогтоож бусад олон салбарт үр дүнтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх үндсийг бүрдүүлжээ.
Тухайлбал Кувейт Улсын Засгийн газар, Кувейтийн сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэд хэдэн төсөл хэрэгжсэний дотор Тайширын усан цахилгаан станц, Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган-Уньт, Уньт-Тариалангийн замын төслүүд нь Монгол Улсын эдийн засагт өнөөг хүртэл чухал үүрэг гүйцэтгэж байна.