logo
С.Бямбацогт: Иргэдийн газрыг шүүхийн бус аргаар дээрэмдэх гэж байна

С.Бямбацогт: Иргэдийн газрыг шүүхийн бус аргаар дээрэмдэх гэж байна

2015/06/16

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа иргэдийн газар өмчлөх суурь эрхэнд халдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ. Энэ хуулийн төсөлд тусгаснаар тухайн иргэн өмчилсөн газраа банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж, зээлээ эргүүлэн төлөх боломжгүй болсон тохиолдолд үл маргах журмаар хураагдах аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхгүй болж байгаа юм.

Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Газар бол хүний үндсэн, суурь өмч. Газар бол улсын үндэс гэж Модун хаан зүгээр ч нэг хэлээгүй байх. Галданбошигт хааны "Миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" гэсэн үг бий. Гэтэл хүний газар өмчлөх эрхэнд хууль шүүхийн журмаар биш шууд хураах зохицуулалтыг энэ хуулийн төслөөр бий болгох гэж байна. Ийм агуулгатай хуулийн төслийг 2006 онд Засгийн газар, Монголбанкны санаачилгаар УИХ-д оруулж ирэн баталсан боловч Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан байдаг. Иргэдийг орон сууцтай болгох нэрээр өмчилж байгаа газрыг нь банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж, зээлээ төлөөгүй тохиолдолд шууд хурааж авч  үндсэн эрхэнд нь халдаж болохгүй.

Өнгөрсөн жил гадаадын иргэнд газрыг 60 жилээр эзэмшүүлэх, 40 жилээр сунгах заалт Газрыг тухай хуулийн төсөлд оруулсан байсан. 100 жилээр эзэмшүүлнэ гэдэг нь өмчлүүлсэнтэй адил. Тиймээс МАН-ын бүлэг энэ асуудлыг тууштай эсэргүүцэж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзэн буцааж байсан. Үүнтэй адил иргэдийн өмчилж байгаа газрыг хэн нэгэн этгээд барьцаалж, улмаар шүүхийн бус журмаар эзэмшилдээ авах нь буруу гэж үзэж байгаа" гэлээ.

Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөлд Үндсэн хуулийн цэцийн гишүүний насыг нэмэх, Улсын дээд шүүхийн шүүгчийн цалинтай адил хэмжээний цалинтай болгох, цалингийн 70 хувиар бодож тэтгэвэр тогтоох гэх мэт эрх мэдэл, нийгмийн хамгааллын асуудалд анхаарсан зохицуулалт оруулж иржээ. Харин Үндсэн хуулийн цэц иргэний эрхийг хамгаалах чиглэлээр маргаан хүлээж авдаггүй учир энэ асуудлыг уг хуулийн төсөлд оруулах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Засгийн газрын асуудлаар иргэн гомдол гаргавал хүсэлтийг 60-120 хоног судлах гэх мэтээр хуулиас гадуур өөрсдөө дэг тогтоож иргэдийг чирэгдүүлдэг. Цэцийн гишүүдийн эрх мэдэл, нийгмийн хамгаалал нь сайжрахын зэрэгцээ үүрэг хариуцлага нь ч дээшилж иргэдийн эрхийн асуудалд шуурхай хандах хэрэгтэй гэдэгт МАН-ын гишүүд санал нэгдэв.


Д.Хаянхярваа: Гацууртын 34 хувийг төр үнэгүй эзэмших ёстой

МАН-ын бүлэг "Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Ингэхдээ хоёр үндсэн шаардлага тавьж байгаа гэж бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа мэдээллээ. Нэгдүгээрт, 34 хувийг төр үнэгүй эзэмших ёстой. Хэрвээ 34 хувийг төр үнэгүй эзэмшихийг зөвшөөрөхгүй тохиолдолд тусгай төлбөр гэж нэрлэгдэж байгаа 3 хувийг 3-6 хувь хүртэл нэмэгдүүлэх ёстой. Уул уурхайн томоохон төслүүдийг явуулах ёстой, ингэхдээ Монгол Улсын эрх ашигт нийцсэн гэрээ хэлцлүүдийг хийх ёстой гэж үзэж байна.


Н.Номтойбаяр: Хууль зөрчсөн Р.Гончигдорж гишүүнийг Цэцэд өгч, С.Эрдэнэ сайдад хариуцлага тооцно

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтад 54 гишүүн оролцсоны 30 нь эсэргүүцсэн. УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу энэ хуулийн төсөл хууль санаачлагчид буцах эрх зүйн зохицуулалттай. Гэтэл чуулганаар дараагийн асуудал буюу Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байх явцад Н.Батцэрэг гишүүний горимын саналаар УИХ-ын нэгдсэн хуралдааныг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хууль зөрчин дахин санал хураалт явуулсан. Энэ үед МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хууль зөрчигдөж байгааг сануулсаар байтал УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж үл тоон хуралдааны танхимд байгаагүй зарим гишүүдийн картыг хийж бүрэн эрхэнд нь халдаж, энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг дэмжүүлсэн. Иймээс хууль зөрчин дахин санал хураалт явуулсан асуудлаар УИХ-ын дарга З.Энхболдод албан шаардлага өгч, Үндсэн хуулийн цэцэд хандана. Энэ талаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл нь татварын зөрчилтэй 11 мянган аж ахуйн нэгжид үйлчлэхгүй. "Чингис", "Самурай", Хөгжлийн банкны хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан хүмүүст зориулагдсан учраас дэмжихгүй" гэлээ.

Мөн тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, малчдын тэтгэврийн насыг наашлуулах, шимтгэлийг нөхөн төлүүлэх асуудлаар  хуулийн төсөл боловсруулж, удаа дараа санал шаардлага өгсөн ч өнөөг хүртэл шийдэхгүй байгаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд хариуцлага тооцох асуудлыг хөндөж тавина гэж бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш