УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа УИХ-ын үйл ажиллагаанд хууль ёс мөрдүүлэх талаар УИХ-ын дарга З.Энхболдод албан бичиг хүргүүллээ. УИХ-ын 2015 оны зургадугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон 54 гишүүний 30 нь буюу 55.6 хувь нь дэмжээгүй бөгөөд энэ тохиолдолд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслийг хууль санаачлагчид буцаадаг.
Гэтэл дэгийн хуулийн энэ заалтыг хурал даргалагч, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ноцтой зөрчиж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байх үе шатанд УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийн "Өөрөө санал хураалтад байж чадаагүй, хоцорсон" гэх хууль бус "горимын санал"-аар дахин санал хураалгаж, буцаагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй гэсэн саналыг хүчингүй болгосон.
Иймд МАН-ын бүлгээс Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар УИХ-ын чуулганы анхны санал хураалтын дүнг баталгаажуулан, төсөл санаачлагчид нь буцаах арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлж, УИХ-ын үйл ажиллагаанд хууль ёсыг чанд мөрдүүлэхийг УИХ-ын даргаас хүсчээ.