Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.06.17/ хуралдаан 14 цаг 22 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч ажлын хэсгийн саналаар байнгын хорооны ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр болов. Учир нь ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд ажлын хэсэг гол асуудлаа ярилцаж тохирон ажлын дэд хэсэгт чиглэл өгсөн. Гэхдээ төсөл санаачлагчтай уулзаж зарим асуудлыг нарийвчлан томьёолох шаардлагатай байгаа тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасан юм.
Ингээд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилуулах асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэв. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Дуламсүрэнгийн Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилуулах асуудлыг зөвшилцөх саналаа Улсын Их Хуралд ирүүлсэн байна. Энэ талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хийсэн юм.
Д.Даваа нь 1963 онд төрсөн. 1994 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургууль, Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг Цэргийн ар талын команд штаб, оператив тактикийн мэргэжлээр төгсчээ. Тэрээр Монголын ардын армийн 162 дугаар ангид хүнс, хувцасны албаны даргаар ажлын гараагаа эхэлж ангийн хүнсний хангалтын тасгийн дарга, захирагчийн орлогч, ар талын дарга, Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч, ар тал эрхэлсэн дэд захирал, Батлан хамгаалах яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын даргаар ажиллаж иржээ. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч түүнийг батлан хамгаалах салбарт 30 гаруй жил ажилласан, хуульд заасан шалгуурыг хангаж байгаа гэж үзэж энэхүү албан тушаалд томилуулахаар зөвшилцөх саналаа ирүүлсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан саналаа хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Н.Энхболд, М.Батчимэг, Л.Болд нар нэр дэвшигч нь туршлагатай, бэлтгэгдсэн боловсон хүчин тул дэмжиж буйгаа илэрхийлээд зэвсэгт хүчний нэгдмэл удирдлагыг хангаж, улс төрөөс ангид, аль болохоор халаа сэлгээ хийхгүй байхад анхаарч ажиллахыг захилаа. Мөн Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа төрийн цэргийн үндсийн талаарх бодлогын баримт бичигт саналаа тусгуулах, уг баримт бичгийг хэрэгжүүлэх ажлыг эхнээс нь зөв чиглүүлж ажиллах нь чухал гэдгийг хэлж байв.
Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь нэр дэвшигчийг зөвшилцөх асуудлыг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, М.Батчимэг, Н.Энхболд нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд төсөл санаачлагчдаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон зарчмын зөрүүтэй санал гаргахаар томьёоллоо танилцуулсан боловч төсөл санаачлагчдын тайлбарыг сонссоны дараа саналаа татаж авсан юм. Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахаар Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын гаргасан горимын саналыг дэмжлээ.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-ний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм.
Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр манай иргэд гадаадад суралцах, ажиллах болон бизнес эрхлэх зорилгоор зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан, монгол иргэд олноор зорчдог бөгөөд аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон зарим орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулах чиглэлээр Засгийн газар анхааран ажиллаж байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай” гэрээнүүдийг 1993 онд байгуулжээ. Дээрх бодлогын хүрээнд “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ” байгуулах тухай Казахстаны талын саналыг Монголын тал дэмжиж, хоёр улсын холбогдох байгууллагын саналыг авч нэгтгэн гэрээний төслийг ажлын шугамаар 2014 онд тохиролцсон аж.
Мөн уг асуудлыг зөвшилцсөн тухай Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, С.Оюун, Ц.Баярсайхан нар асуулт асууж тодруулав. Хууль зүйн сайд Д.Дорлигжав гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Гадаад хэргийн яамнаас өгсөн мэдээллээр Бүгд Найрамдах Казахстан Улсад одоогийн байдлаар манай улсын 1000 орчим иргэн байнга оршин сууж, жилд дунджаар 6000 гаруй иргэн тус улсад зорчдог байна. Одоогийн байдлаар Казахстан Улсад шүүхээр ял шийтгүүлэн хорих ял эдэлж байгаа манай улсын гурван иргэн байгаа. Харин хоёр иргэний хорих ялыг эх оронд нь эдлүүлэхээр 2014 онд шилжүүлэн авсан. Хоёр орны хооронд Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар эх орондоо ял эдлэхийг хүссэн хоёр улсын иргэдийг шилжүүлэх ажиллагааг тодорхой журмын дагуу цаг алдалгүй гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэх юм гэдгийг хэллээ. Ингээд гэрээний төслийг зөвшилцөж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөх санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэн тул энэ тухай байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.