logo
Афганистанд 30 гаруй жилийн дараа анх удаа рок концерт зохиогдлоо

Афганистанд 30 гаруй жилийн дараа анх удаа рок концерт зохиогдлоо

2011/10/03
Афганд 30 гаруй жилийн дараа анх удаа буюу өчигдөр "Sound Central" нэртэй рок хөгжмийн наадам зохиогдлоо. Зургаан цаг үргэлжилсэн наадамд Австрали, Казакстан, Узбекистан болон Афганистаны хамтлагууд тоглосон байна.
Бабур Гарденст зохиогдсон энэ арга хэмжээ нь Талибуудын дэглэмийн үед хөгжим хориотой байсан, лалын шашинтай энэ улсад тун ховор содон үйл явдал юм. Инди, блюзээс авахуулаад үхлийн метал хөгжим хүртэл  эгшиглэсэн энэхүү рок наадмын үеэр архи хориотой байсан байна.
Наадмыг зохион байгуулах газрыг ихээр нууцалсан нь 450 гаруй хүн оролцсон концертын үеэр ямар нэг халдлага үйлдэгдэхээс сэргийлэх зорилготой байжээ. Афганы хүчнийхэн Америкийн дэмжлэгтэйгээр 2001 онд Талибуудыг төрийн эрхнээс буулгаснаас хойш ч гэсэн хөгжмийг хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс энэ улсад байсаар байгаа юм. Афганы хотуудад хөгжмийн дэлгүүрүүд ч халдлагын бай болж байсан.
"Рок н Ролл дэлхийг өөрчилнө, Афганистаныг ч гэсэн өөрчилнө гэдэг итгэж байна, энэ бол түүхэн үйл явдал, дөнгөж эхлэл нь" гэж Узбекийн "Нарны Нулимс" хамтлагийн гитарчин Никита Макапенко хэлсэн байна.
Австралийн зурагчин Трэвис Биирд Кабул руу нүүж нэгэн хамтлагийн гишүүн болсныхоо дараа энэ наадмыг зохион байгуулжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш