Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Турк Улсын иргэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглуг “Найрамдал” медалиар шагнасныг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “НҮБ-аас Монгол Улсад үзүүлж буй тусламж, хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, үндэсний хөгжлийн цогц бодлоготой уялдуулах, байгаль орчны тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Бүгд Найрамдах Турк Улсын иргэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглуг “Найрамдал” медалиар шагнасугай” гэжээ.
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хатагтай Сезин Синаноглуд баяр хүргэж ажлын амжилт хүсэн ерөөв.