Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.22/ Говь-Алтай аймгийн Алтай хотод ажиллаж байна.
УИХ-ын даргыг Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар болон албаны бусад хүмүүс хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авлаа. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд 1945 оны чөлөөлөх дайнд эрэлхэгээр тулалдан амь эрсэдсэн Монгол Улсын баатар М.Жанчивын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Үүний дараа аймгийн удирдлагууд УИХ-ын даргад цаг үеийн талаар мэдээлэл танилцуулсан юм. Хүн ам зүй. 15.8 мянган өрхөд 56.7 мянган хүн оршин сууж байгаагаас 49.5 хувь буюу 28095 нь эрэгтэй, 50.5 хувь буюу 28603 нь эмэгтэйчүүд байна. Ажилгүйдлийн түвшин 10,2%-тай байна хэмээн аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар танилцуулсан юм. Хувь хүний боловсрол, санаачлагад түшиглэн, иргэдийнхээ чадварыг нээн дэмжих нь хөгжлийн түлхүүр гэдэг чиглэлээр хөгжлийн бодлого баримталж байна.
Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Зооноз өвчин судлалын төв, сум дундын эмнэлэг 3, сумын Эрүүл мэндийн төв 14, тосгоны Эрүүл мэндийн төв 2, багийн эмнэлэг 2, өрхийн эрүүл мэндийн төв 3, ортой хувийн эмнэлэг 3, үүдэн эмнэлэг 13, эмийн сан 10, эм ханган нийлүүлэх байгууллага 4, АШУҮИС-ын Говь-Алтай аймаг дахь салбар сургууль зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.
Аймгийн цаг үеийн мэдээллийг танилцуулсны дараа УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Говь-Алтай аймагт ирж ажиллах талаар нэлээн эрт төлөвлөсөн. Одоо УИХ-ын чуулган үргэлжилж байна. Наадмын өмнө ажил ихтэй байгаа ч Говь-Алтай, Завхан аймагт ажиллаж байна. Танай аймгийн хувьд авто зам болон дулаан хангамжийн уурын зуух барих асуудал тулгамдаад байгаа талаар сонслоо. 2012 оны Засгийн газар мөрийн хөтөлбөрт бүх аймгийг авто замаар холбох асуудлыг тусгасан. Тиймээс Говь-Алтай аймгийн авто замын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
Түүнчлэн Говь-Алтайчууд олон жилийн тулгамдсан асуудал болох ундны усны хангамжаа шийдвэрлэсэн байна. Нэг үеэ бодвол Говь-Алтай аймгийн хөгжил эрчимтэй явагдаж байгаа нь харагдаж байна. 2016 оны 06 дугаар сараас хэрэгжих хуулиар уул уурхайн бүх А лицензийн төлбөрийн 3/1 нь орон нутагтаа үлдэх болно. Алтайн хүдэр ХХК-ийн хүдэр 36 ам.доллараар худалдаж байгаа юм байна. Түүхий эдийн үнэ дэлхий даяар унасан, тэр тусмаа төмрийн хүдэр, нүүрсний гурав дахин унасан. Үүнтэй холбоотой зарим хүндрэл гарч байна. Алтай хүдэр ХХК өнгөрсөн жилд 1.2 сая тонн төмрийн хүдэр экспортолсон байна. Оргил үедээ жилд 3 сая тонн нойтон аргаар баяжуулсан хүдэр борлуулж байжээ. Одоо 1 тонн төмрийн хүдрийг 36 ам.доллараар борлуулж байгаа юм байна. Тэгвэл төмрийн хүдрийн үнэ унасан хэдий ч төмрөөр хийдэг бүтээгдэхүүний үнэ унаагүй гэдгийг харж байгаа байх. 1 тонн төмөр 300 ам.долларын үнэтэй байна. Тиймээс төр засгаас түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах бодлого барьж ажиллаж байгаа талаар танилцуулав.
УИХ-ын дарга Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ орон нутгийн ажил байдалтай танилцан, УИХ-ын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явагдаж буй орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалтын нээлтэд оролцох юм. Мөн тус аймагт явагдаж буй бүтээн байгуулалтуудын явцтай танилцан, иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Улсын Их Хурлын даргыг Говь-Алтай аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллаж байна.