Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Хятадын Коммунист намын төв хорооны гадаад харилцааны газрын туслах сайд Ли Зюнийг өнөөдөр /2015.06.24/ хүлээн авч уулзав.
УИХ-ын дарга уулзалтын эхэнд ноён Ли Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрч, хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ. Үүнд монголын тал сэтгэл их өндөр байна. Цаашид монголын тал хятадын талтай нягт хамтран ажиллаж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.
БНХАУ хөрш орнуудтайгаа хамтран хөгжих, хөгжлийнхөө үр дүнг хөрш орнуудтайгаа хуваалцах бодлогыг тууштай баримталж, "хөрш орнууддаа илүү дотно, илүү чин сэтгэлээс, илүү нээлттэй, хүртээлтэйгээр хандаж, хамтын ажиллагаанаас хөрш орнууддаа илүү ашиг тус хүртээх” шинэ үзэл санаагаар хандаж буй нь Монгол Улс зэрэг хөрш зэргэлдээ орнуудын хөгжилд таатай орчин бүрдүүлж, Монгол-Хятадын хоёр талын харилцаа болон бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү их боломж, нөхцөлийг олгож буйг тэмдэглэсэн юм. Мөн тэрээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны тэргүүлэх салбар гэж хоёр тал санал нэгтэй үздэг.
Хоёр улсын худалдааны хэмжээ тогтвортой өсч ирсэн ч хоёр талын худалдааны бүтцийг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг идэвхтэй хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны механизмуудыг үр дүнтэй ашиглах нь хамтын ажиллагааны цаашдын хөгжилд ихээхэн тустай юм. Энэ онд Монгол, Хятадын ЗГХК, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны хамтарсан зөвлөлийн хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж байна.
Хоёр улсын эдийн засгийн хөгжилд нэмэртэй, ард иргэд үр дүнг нь мэдрэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэх талаар хоёр тал санал нэгтэй байдаг. Эхний ээлжинд үлгэр жишээ болохуйц цөөн хэдэн төсөл дээр анхаарал хандуулан ажиллаж, яригдаж буй төслүүдийг хэрэгжүүлэхэд Хятадын Коммунист намын зүгээс анхаарал хандуулахыг хүсэж байна гэлээ.
Ноён Ли Зюнь УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдийг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр цаашид хоёр улсын харилцааг илүү дээд түвшинд хүргэхийн тулд өндөр дээд хэмжээний айлчлалуудыг зохион байгуулах нь чухал юм гэлээ. Түүнчлэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, ард иргэдэд бодитой үр дүнг үзүүлэх нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн.
УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд тантай хоёр орны хамтын ажиллагааны олон чухал асуудлаар санал солилцсондоо баяртай байна. Та бүхний энэ удаагийн айлчлал Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор улс төрийн намууд хоорондын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Уулзалтад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон албаны бусад хүмүүс байлцав.