logo
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Монгол Улс бизнесийн найдвартай түнш байх болно

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Монгол Улс бизнесийн найдвартай түнш байх болно

2015/06/26
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Вашингтон дахь Америкийн хамгийн нэр хүндтэй таван байгууллагын нэг АНУ-ын Худалдааны танхимын бизнес форумд оролцож үг хэллээ.

Тэрээр форумд оролцохын өмнө АНУ-ын хувийн хэвшлийн төлөөллийг хүлээн авч уулзаж Худалдааны танхимын бизнесийн төлөөлөгчидтэй дугуй ширээний уулзалт хийсэн юм.

Ерөнхий сайд манай улсад хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэх сонирхолтой компаниудыг Монгол Улсын Засгийн газрын зүгээс бүрэн дэмжихээ илэрхийлээд аливаа улс орны хөрөнгө оруулагчийг ялгаварлалгүй Монгол Улсад хөрөнгө оруулах таатай нөхцөлийг бүрдүүлэхээр чармайн ажиллаж байгаа гэлээ.

Харин АНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид хүлээн авч уулзсанд Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, хоёр улсын бизнес эрхлэгчид алдагдсан олон боломжуудыг нөхөх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, төрөлжүүлэх нь чухал ач холбогдолтойг онцлон энэ бүх боломжийг бий болгоход Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнес форумд хэлсэн үгэндээ Миний удирдаж буй Засгийн газрын тэргүүлэх чиглэл бол эдийн засаг юм. Монгол Улс урт хугацаанд таны бизнесийн найдвартай түнш байх болно. Тиймээс АНУ-тай эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Бид шинэ санаа, бүтээлч хөрөнгө оруулалтыг хүлээн авахад бэлэн байна гэлээ. Уулзалтад оролцсон төлөөлөгчид Ерөнхий сайдаас сонирхсон асуултдаа хариулт авлаа.

АНУ-ын Худалдааны танхим нь Америкийн орон нутаг, мужийн танхим, холбоодын 3 сая гаруй аж ахуйн нэгжийг нэгтгэсэн дэлхийн томоохон бизнесийн холбоо бөгөөд танхимын гишүүдийн 96% нь 100 болон түүнээс дээш тооны ажиллагсадтай бизнесийн байгууллагаас бүрддэг.

Бизнесийн дуу хоолой болдог байгууллагын хувьд Конгресс, Цагаан ордон, төрийн захиргааны байгууллага, шүүхийн өмнө тэдний эрхийг хамгаалж, бизнесийн үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах орчныг бүрдүүлэхэд тус танхимын гол зорилго оршдог. Өнгөрсөн жил тус танхим Обамагийн Засаг захиргаа, Конгрессын гишүүд, олон улсын тэргүүлэгч нарыг оролцуулсан 2500 гаруй хөтөлбөр, уулзалт, семинар, форум зохион байгуулсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш