logo
Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 30 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 30 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

2015/07/01

Авлигатай тэмцэх газар энэ оны эхний хагас жилд хийсэн ажил, хүрсэн үр дүнгээ өнөөдөр тайлагналаа. Хагас жилийн дүнгээр авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 30 тэрбум 145 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Түүнчлэн Улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99.99 хувь нь бүртгүүлжээ. Нийт мэдүүлэг гаргагчийн 15970 буюу 41.56 хувь нь Улаанбаатар хотод, 22453 буюу 58. 44 хувь нь орон нутагт байна. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй томилогдсон нийт 229 албан тушаалтан байгаа бөгөөд тэдний урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн материалыг хүлээн аваад байна. 2015 оны эхний хагас жилийн байдлаар нийт 322 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ.
 
Оны эхний хагас жилийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 521 гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Эдгээрээс гэмт хэргийн шинжтэй 196 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна” гэв. Өмнөх оны үлдэгдэл бүхий нийт 208 гомдол, мэдээллийг энэ оны эхний хагас жилд АТГ хянан үзлээ. 48 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин 124 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 23 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 93.8 хувьтай байгаа аж.
 
Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг агуулга, холбогдох   байгууллага, салбараар нь авч үзвэл төрийн улс төрийн албанд хамаарах 45, төрийн захиргааны албанд хамаарах 93, төрийн тусгай албанд хамаарах 32, төрийн үйлчилгээний албанд хамаарах 22, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хамаарах 8, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 3, улс төрийн намын үйл ажиллагаанд хамаарах 1, бусад 7 гомдол, мэдээлэл байна. АТГ 2015 оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 217 үйлдэл, 204 холбогдогчтой 147 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
 
Мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 93 бүртгэгджээ. Энэ нь хамгийн өндөр хувь болж байгаа юм. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 30 тэрбум 145.4 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 577.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн, 7 тэрбум 907.9 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан, 240.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүлсэн байна.  АТГ орон нутагт салбар, бүтцийн нэгжгүй тул төвөөс ажилтан, албан хаагчдаа томилж орон нутагт ажиллуулдаг. Энэ оны эхний хагас жилд давхардсан тоогоор АТГ-ын 115 албан хаагч хөдөө орон нутагт 659 хоног ажилласан талаар мэдээллээ.
 
АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагийг мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
-АТГ Алтанхуяг гишүүний боловсруулсан хуулийн төслийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?
-УИХ-ын гишүүн Алтанхуягийн санаачлан өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, эдгээр хуулиудыг дагалдан гарах УИХ-ын тогтоолын төсөлд санал авахаар хүсэлтээ ирүүлсний дагуу АТГ-аас тодорхой саналаа гарган хүргүүлсэн. Одоогийн байдлаар дээрх хуулийн төслийг УИХ хэлэлцэх шатандаа байгаа тул АТГ-т одоогоор ямар нэгэн илүү дутуу санал, тайлбар, дүгнэлт хэлэх шаардлага байхгүй.
 
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан юм уу?
-Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар биш УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгахаар заасан. Өөрөөр хэлбэл АТГ УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалтын ямар нэг ажиллагаа хийгээгүй, хянаж шалгах эрхтэй субъект нь ч биш юм. Харин хөрөнгө, орлогын мэдүүлэг нь зөрчилтэй байж болзошгүй асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд мэдэгдсэн байгаа.
 
-Н.Алтанхуяг гишүүн үзлэг нэгжлэг хийх үед саад учруулсан гэсэн мэдээлэл яваад байгаа?
-“Алтан тэнгэр” компанийн захирал Самбууд холбогдох үйлдлийг шалгах явцад прокурорын байгууллага болон эрх бүхий байгууллагаас зөвшөөрөлтэй хийгдэж байгаа үзлэг нэгжлэгийн үеэр УИХ-ын гишүүн Алтанхуяг хүрэлцэн ирж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулах гэж оролдсон. Энэ асуудлыг АТГ цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа.
 
-Ерөнхийлөгч асан П.Очирбатын ХОМ-ийг шалгаж байна гэсэн. Одоо юу болж байна?
-УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, “Хос дэнс” ТББ-ын тэргүүн Гантамир нарын гомдлын дагуу ҮХЦ-ийн гишүүн Очирбатын ХОМ-ийг хуульд заасан хугацаанд шалгаад хариуг дээрх албан тушаалтнуудад өгсөн. Хувь хүний нэр хүндтэй холбоотой асуудал учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломж байхгүй.
 
-Санжийн Баярыг шалгасан асуудал юу болов?
-УИХ-ын гишүүн Г.Уянгын АТГ-т хандсаны дагуу Санжийн Баярт холбогдох асуудлыг шалгаад хариуг УИХ-ын гишүүн Г.Уянгад хүргүүлсэн. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
 
-Дэнзэнгийн хэрэг юу болж байгаа вэ?
-Г.Дэнзэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2-т зааснаар үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа.
 
-Танайхыг прокуророос шалгасан. Яагаад шалгаж байгаа юм бол?
-АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааг Улсын Ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу шалгалт хийсэн. Энэ бол хийж байдаг энгийн нэг шалгалт. Өмнө нь хийж байсан, одоо хийж байгаа, цаашид ч хийх тийм л шалгалт. АТГ-ын мөрдөн шалгах үйл ажиллагааг прокурор хянадаг. Бүх ажиллагаа прокурорын хяналтан дор явагддаг. АТГ хэнд ч хянуулдаггүй, цагдуулдаггүй, эрх дураараа байгууллага гэсэн ойлголт байхгүй гэдгийн жишээ энэ л дээ.
 
-Одоогоор хэчнээн хүн цагдан хоригдоод байна вэ?
-5 хүн байгаа. ЭХТА-ийн 268, 265, 263 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 5 хүн байна. Г.Дэнзэн яллагдагчаар, Г.Түмэнхүү яллагдагчаар, М.Тамир яллагдагчаар, Д.Батзориг яллагдагчаар, Г.Мөнхбат яллагдагчаар нар байгаа.
 
АТГ-ын тайлангаас харж байхад шалгасан гомдол мэдээллийн ихэнхийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Энэ яагаад вэ?
-Иргэд нийгэмд байгаа болохгүй, бүтэхгүй асуудал бүрийг АТГ-т хандаж шийдвэрлүүлэх хүсэл сонирхолтой байгааг манайд ирүүлсэн гомдол, мэдээллийн бүртгэлээс харж болно. Гэтэл АТГ хуулиар харьяалуулсан 10 төрлийн гэмт хэргийг шалгадаг. Иргэдээс ирүүлж байгаа гомдол, мэдээллийн дийлэнх нь хэргийн харьяалал бус, ихэнхдээ зөрчлийн шинжтэй байдаг. Жишээлбэл, цэцэрлэгийн эрхлэгч эцэг, эхээс хандив авлаа, газрын байцаагч мэдээллийн санд бүртгэж аваагүй гэх зэрэг гомдол нь эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй байдаг.
 
-АТГ-ын твиттер хаягийг дуурайлган Н.Алтанхуяг гишүүний эсрэг жиргэсэн. Үүн дээр АТГ ямар нэгэн арга хэмжээ авах уу?
-АТГ-ын твиттер дэх албан ёсны хаяг @NOcorruptionMGL гэж байгаа. Харин сүүлийн өдрүүдэд энэ хаягийг дуурайлгаж @NOCorruptionMNG гэсэн хуурамч аккаунт нээсэн байна. АТГ албан ёсны дээрх хаягаас өөр ямар нэгэн хаяг ашиглаж байгаагүй, ашиглахгүй, цаашид ч ашиглахгүй. Шаардлагатай гэж үзвэл АТГ энэ асуудлаар зохих газарт нь хандана.
 
-Иргэний харьяаллын Пүрэвдоржийн хэрэг юу болж байгаа вэ?
-ИХШХЕГ-ын дарга болон нэр бүхий албан тушаалтнуудад холбогдуулан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 273 дугаар зүйлийн 273.2, 150 дугаар зүйлийн 150.3-т заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
 
-Төмөр замын Сэрээнэндоржийн хэрэг яаж байгаа вэ?
-ЭХ-ийн 266 дугаар зүйлийн 266.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
 
“Цэвэр агаар” сангийнхны хоёр дахь хэрэг ямар шатанд байна вэ. Прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэдэг, дахиж яллах дүгнэлт үйлдүүлэхээр өгөв үү?
-Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна.
Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүргийг танилцуулах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд бүрэн дүүрэн хүргэхийг зорьсноороо энэ удаагийн мэдээллийн цаг онцлог байв. 
 
Эх сурвалж: АТГ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш