logo
Х.Эрдэнэчулуун: Цахилгаан, дулааны үнэнд нүүрс олборлохоос эхлээд бүхий л зардал багтаж байдаг

Х.Эрдэнэчулуун: Цахилгаан, дулааны үнэнд нүүрс олборлохоос эхлээд бүхий л зардал багтаж байдаг

2015/07/06
Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Хорлийгийн Эрдэнэчулуунтай эрчим хүчний салбарын талаар ярилцлаа.
-Долдугаар сарын 1-нээс эхлэн эрчим хүчний  үнэ тариф чөлөөлнө гэсэн мэдээлэл иргэдийн дунд байгаа. Өнөөдөр Монгол улс эрчим хүчнийхээ үнийг чөлөөлөх боломжтой юу гэдгээс ярилцлагаа эхлэе?
- Эрчим хүчний салбар улс орны аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй нягт хамааралтай, стратегийн чухал салбар. Тиймээс энэ салбарт  тодорхой хэмжээний зохицуулалт, хяналт зайлшгүй шаардлагатай байдаг. Өөрөөрхэлбэл  Монгол улсын эрчим хүчний салбар зохицуулалттай зах зээлийн зарчмаар ажиллаж байна. Бизнесийн аль ч салбарт  бараа, бүтээгдэхүүний үнэ зах зээлийн хуулиар зохицуулагдаж, бизнес эрхлэгчид өрсөлдөөний зарчмаар үнээ санал болгох  боломжтой үед л чөлөөт үнэ сонгодог зарчмаараа хэрэгжиж байдаг. Ер нь эрчим хүчний салбар эдийн засгийн хувьд бие дааж, хөрөнгө оруулалтын зохистой орчныг бүрдүүлж, алдагдалгүй, ашигтай ажилладаг болж, иргэд маань эрчим хүч үйлдвэрлэгч нарын санал болгосон үнээр цахилгаан дулааныг худалдаж авах чадвартай үед л үнэ тарифыг чөлөөлөх  боломжтой. Гэтэл Монгол улсын эрчим хүчний салбар өнөөг хүртэл алдагдалтай ажиллаж байна. Бид өндөр өртгөөр үйлдвэрлэсэн цахилгаанаа хямд үнээр иргэддээ худалдаалдаг, өөрсдийнхөө эрчим хүчний хэрэглээг зуун хувь дотооддоо үйлдвэрлэж чаддаггүй, гадаадаас  авдаг, эрчим хүч үйлдвэрлэгчдийн дунд өрсөлдөөн бий болоогүй байна. Иргэдийн маань  худалдан авах чадвар ч сайн биш. Тиймээс манай улсын эрчим хүчний салбарт өнөөг хүртэл үнэ тарифыг чөлөөлөх боломжгүй, алдагдалтай ажилласаар байгаа. Харин цаашдаа  алдагдалыг бууруулах, бодит өртөг, нийлүүлэлтийн өртөг хоёрын зөрүүг багасгах, эрчим хүчний хэмнэлт, ногоон тарифыг дэмжсэн бодлого баримтлахаас өөр аргагүй. 

-Эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүчний үнэ тарифыг баталдаг газар. Эрчим хүчний үнийг тогтоохдоо яг ямар зүйлүүдийг үндэслэж гаргадаг юм бэ?
-Эрчим хүчний тухай хуулийн дагуу эрчим хүчний хүчний үнэ тарифыг батлах асуудал тус хороонд хамаардаг.  Дээр хэлсэнчлэн зохицуулалттай зах зээл учраас эрчим хүч үйлдвэрлэхээс эцсийн хэрэглэгчдэд хүргэх хүртэл бүх шат дамжлагууд дээр байгаа өртөг зардлыг зохих журмын дагуу хянаж, зардлын өсөлт гарч байгаа үндэслэлийг  нягталсны үндсэн дээр тарифын зохицуулалт хийдэг. Иргэд маань эрчим хүчний үнэ нэмж байна гэж бухимддаг. Гэхдээ нүүрс, тээврийн зардлын өсөлт, инфляци, гадаад валютын ханшийн өөрчлөлт зэрэг олон үнийн өсөлтөөс шалтгаалж, эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт хийхээс өөр аргагүй байдалд ордог. Эрчим хүчний салбар асар их хөрөнгө оруулалт шаарддаг  технологийн салбар. Манай улс эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай  тоног төхөөрөмж, түлшээ  гадаадаас импортоор  авдаг.  Үүнээс гадна импортоор худалдан авч байгаа цахилгааны үнийг Монгол улс валютаар тооцож төлдөг. Тиймээс эрчим хүчний салбарын   өртөг валютын ханшийн өөрчлөлтөөс бүрэн хамааралтай болж байгаа. Дээрээс нь ажиллах хүчний зардал, тээвэр, тоног төхөөрөмжийн  шинэчлэлт, засвар үйлчилгээ гээд эрчим хүчний үнэ тарифт нөлөөлдөг олон хүчин зүйл бий.

-Ер нь хэрэглэгчийн төлсөн  цахилгаан дулааны үнийг яаж хувиарладаг юм бэ? Учир нь хэрэглэгчид маань цахилгаан дулааны мөнгөө төлдөг ч энэ мөнгө хаашаагаа орж байгааг төдийлөн сайн мэддэггүй?

-Эрчим хүчийг хэрхэн үйлдвэрлэж, ямар өртгөөр, хичнээн шат дамжлагыг дамжин хэрэглэгч нарт хүргэж байгааг иргэд сайн мэддэггүй.  Монгол улс жилд дунджаар 5.3 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчний дотооддоо үйлдвэрлэдэг.  Үүний  96 орчим хувийг нүүрсээр ажилладаг  дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэж байгаа. Эрчим хүчний үнэнд нүүрсний уурхайнуудын нүүрсний үнэ,  нүүрсийг тээвэрлэн дулааны цахилгаан станцуудад хүргэж байгаа  төмөр замын хөлс, эрчим хүч үйлдвэрлэх үнэ, үйлдвэрлэсэн цахилгаан дулааныг дамжуулж байгаа  сүлжээний өртөг,  дамжуулах сүлжээгээр тээвэрлэгдсэн эрчим хүчийг  эцсийн хэрэглэгчдэд түгээж байгаа түгээх компаниудын зардал гээд олон үнэ тариф багтдаг. Цахилгаан дулааны үнэ хэн нэгний халаасруу урсаж ордоггүй, нүүрсний уурхайгаас эхлээд төмөр зам, цахилгаан станц, дамжуулах, түгээх компаниудад хуваагддаг. Энэ мөнгөнөөс цалин тэтгэмж, тоног төхөөрөмжийн шинэчлэлт, засвар үйлчилгээ хийж, татвар,  эрүүл мэнд, нийгмийн даатгал гээд хуулийн дагуу улсын төсөвт орох учиртай бүхий л мөнгө төлөгдөж байдаг.

-Эрчим хүчний салбарт маш олон үнэ тариф үйлчилдэг. Үүнээс энгийн хэрэглэгчид, тэр дундаа бага хэрэглээтэй айл, өрхийг дэмжсэн бодлого хэрэгжүүлж байгаа. Ер нь эрчим хүчний хөнгөлөлт урамшуулалд хэр их хөрөнгө зарцуулдаг юм бэ?
-Тиймээ, эрчим хүч хэрэглэгчид, түүний дотор ахуйн хэрэглэгчдэд эрчим хүчний үнэ тарифын өсөлтөөс хамаарсан ачааллыг багасгах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих зорилгоор ялгавартай тарифыг мөрддөг. Тухайлбал айл өрхийн хэрэглэгч сар тутамд хэрэглэсэн цахилгааны эхний 150 кВт.ц-ийг харьцангуй  хямд буюу 94,10 төгрөг/кВт.ц-аар төлдөг. Үүнээс илүү гарсан цахилгааныг  113 төгрөг 90 мөнгөөр худалдан авч байна. Айл өрхийн цахилгааны үндсэн хэрэглээг хангахад шаардлагатай 150 кВт.ц хүртэл хэрэглээг  үнийг бодит өртгөөс доогуур тогтоож,   ахуйн хэрэглэгчдийг аль болох үнийн дарамтанд оруулахгүй байх  бодлогын хүрээнд энэ тарифыг мөрддөг. Нөгөө талаас эрчим хүчээ хэмнэх замаар зардлаа бууруулах боломжийг  хэрэглэгчдэд олгож байгаа. Айл өрхүүд  жилд  3.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг.

-Эрчим хүчний үнийг жил бүр бага багаар нь нэмдэг, алдагдалтай үнэ тарифаар  аюултай нөхцөл байдалд ажиллаж байснаас үнэ тарифыг нэг мөсөн нэмэх хэрэгтэй гэдэг саналтай хүмүүс ч цөөнгүй байдаг?

-Эрчим хүчний зохицуулах хорооноос  эрчим хүчний үнэ тарифыг иргэдэд ээлтэй, хэрэглэгч нарт дарамт багатай байхаар тооцож зохицуулалт хийдэг.  Валютын ханш, гадаад дотоод нөхцөл шалтгаан, техник тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлоос болж эрчим хүч үйлдвэрлэх өртөг жилээс жилд өсөж, орлогоороо зардлаа нөхөж чаддаггүй. Өнөөдөр дундажлаад тооцох юм бол  нэг кВт.ц эрчим хүчийг 144 төгрөгөөр үйлдвэрлээд хэрэглэгч нарт 122 төгрөгөөр борлуулж  байгаа.  Энэ үнийн зөрүүнээс үүдэн эрчим хүчний салбар жилдээ 65-70 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг.  Алдагдалтай ажиллаж байгаа учраас техник, технологийн шинэчлэлт, засвар үйлчилгээгээ бүрэн гүйцэт хийж чадахгүй, амиа аргацаасан байдлаар явсаар байна. Эрчим хүчний салбарын энэ алдагдал, техник, тоног төхөөрөмжийн  хуучралт эрчим хүчний маань аюулгүй найдвартай  үйл ажиллагаа алдагдах эрсдлийг бий болгож байгаа.  Тиймээс  эрчим хүчний салбарт үнэ тарифын өөрчлөлт, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт, хэмнэлтийн бодлогыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа.

-Эрчим хүчний үнийг шат дараатайгаар нэмж байгаа. Гэвч эрчим хүчний салбарын алдагдал буурахгүй байна. Үүнээс үндэслэн үнэ нэмж биш, эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч, дамжуулагч компаниудын ашиггүй зардлыг бууруулах шаардлагатай гэсэн шүүмжлэл байнга гардаг. Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ талаар ямар нэг арга хэмжээ авч ажилладаг уу?
-Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тарифыг  тогтоохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагааны өртөг зардлыг шат дамжлага бүр дээр нь зохих журмын дагуу нягталж, хянах ажлыг гүйцэтгэсний үндсэн дээр баталдаг.  Эрчим хүчний өртөг зардал хэрхэн өөрчлөгдөж байгааг үйлдвэрлэхээс эхлээд дамжуулах түгээх бүхий л шатанд нь хянаж байдаг. Үүнээс гадна эрчим хүчний үнэ иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байна гэдгийг судлаж, хэрэглэгчдэд дарамт учруулахгүй байхаар тооцоо судлагаа хийдэг.  Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний үнэ тарифыг хамгийн бага өртөгт барьж байхын тулд  тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг зардлаа бууруулж ажиллахыг байнга шаарддаг. Үүний үр дүнд тодорхой ахиц гарч байна. Сүүлийн таван  жилийн хугацаанд  хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж,  цахилгаан дамжуулалт,  түгээлтийн алдагдалыг бууруулсны үр дүнд  эрчим хүчний салбар  18.2 тэрбум төгрөгийн үр ашгийг бий болгосон. Энэ жил ЭХЯ ЭХЗХ-ноос  хамтарсан ажлын хэсэг гарч, бүх эрчим хүчний үйлдвэр, компаниудад хяналт шинжилгээ  хийсний үндсэн дээр тодорхой хэмжээний хэмнэлт бий болгох боломжтой гэсэн тооцоо хийгээд байна.

Өнгөрсөн сард эрчим хүчний саатал гарч, Улаанбаатар хот тэр чигээрээ тог цахилгаангүй болж, энэ осол гэмтэл Монгол улсын эрчим хүчний салбарын аюулгүй байдал  тун эмзэг байгааг нотлож өгсөн. Та мэргэжлийн хүний хувьд үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
- Эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гэтэл эрчим хүчний маань тоног төхөөрөмж улам бүр хуучирч элэгдэж, шинэчлэлт шаардаж байна. Эрчим хүчний салбарт  техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж, хүчин чадлаа нэмэгдүүлэх, цахилгаан дулааны шинэ эх үүсвэрийг барьж байгуулах шаардлага тулгараад байгаа. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа инженерүүд “Монгол улсын  5000 гаруй дэд станцын  50 хувь нь ашиглалтын хугацаа нь дууссан. Цахилгаан дамжуулж байгаа  агаарын шугамын 70 хувь, газар дор булаатай байгаа өндөр хүчдлийн кабелийн 50 хувь нь хуучирсан, солих шаардлагатай” гэсэн тооцоог гаргасан байна билээ. Монгол улсад цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа станцуудаас хамгийн залуу, хамгийн том нь болох  ДЦС-4 ТӨХК энэ жил 32 жилтэйгээ золгож байгаа. Гэтэл үндсэн техник тоног төхөөрөмжийнх нь тал  хувийнх нь  ашиглалтын хугацаа дуусаж байх жишээтэй. Техник тоног төхөөрөмжийн энэ хуучралт, эрчим хүчний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг бид мартаж болохгүй.

-Эрчим хүчний хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Цаашдаа өсөж нэмэгдэж байгаа хэрэгцээгээ бид юугаар нөхөх вэ? Эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулагчид  цөөхөн байх шиг байна. Энэ нь  манай үнэ тарифтай холбоотой юу?

- Монгол улсын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 5-6 хувиар нэмэгдэж байгаа. Өсөн нэмэгдэж байгаа энэхүү хэрэглээг мэдээж эрчим хүчний шинэ эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээ, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөх байдлаар шийдэх шаардлагатай. Эрчим хүчний барилга байгууламж барих төслүүд  асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг учраас энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх зохистой орчныг бий болгох шаардлагатай байгаа. Ямар ч бизнесмен хөрөнгө мөнгөө өгөхийн тулд хууль эрх зүй, санхүүгийн орчны тогтвортой байдал, хамгийн гол нь  бизнесийн хувьд үр ашиг, өгөөж хүртэх боломжтой эсэхийг судалдаг. Тиймээс алдагдалтай, зардлаа нөхөж чаддаггүй Монгол Улсын эрчим хүчний салбарт  хөрөнгө оруулалт хийхээс гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагч нар ч б болгоомжлох  нь мэдээж.

-Ер нь гадаадын улс орнуудын үнэ тарифт ногоон эрчим хүчний эх үүсвэрийг  дэмжсэн үнэ заавал багтаж байдаг. Монголчууд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаасаа аажмаар татгалзаж, агаарын бохирдлоо бууруулахын  тулд ногоон эх үүсвэрийг дэмжих тарифыг суулгаж өгөх шаардлагатай байх шиг байна. Энэ талаар таны бодол....?

-Дэлхий нийт эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүхий л салбарт ногоон хөгжлийн бодлогыг гол үзэл баримтлалаа болгон хөгжиж байна. Ялангуяа байгалийн шавхагддаг нөөц болох нүүрс, байгалийн хий, газрын тосноос хамааралтай эрчим хүчний үйлдвэрлэлээс татгалзаж,  байгалийн сэргээгддэг нөөц болох нар, салхи, усны эрчим хүчинд түшиглэсэн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх хандлагатай байна. Энэхүү бодлогоо ногоон тариф, карбон такс хөгжлийн сан зэрэг янз бүрийн санхүүгийн механизмаар дамжуулан хэрэгжүүлдэг. Монгол улсын хувьд ногоон эрчим хүчийг дэмжиж,  Сэргээгдэх эрчим хүчний хууль  баталсан. Үүнээс гадна  Монгол Улсын  нийт эрчим хүчний хэрэглээний 5 орчим хувийг  сэрээгдэх эх үүсвэрүүд үйлдвэрлэж байна. Тиймээс  ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн тарифын тогтолцоог бүрдүүлэх цаг нь болсон.

-Үнэхээр Монголд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн цахилгаанаар өөрсдийгөө хангах боломж  боломж бий юу?
-Монголчууд нүүрсний баялагтай. Гэхдээ шавхагддаг нөөц баялгийг эрчим хүч үйлдвэрлэхэд бус өөр зүйлд ашиглаж, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хэрэглэж, байгаль орчноо хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор янз бүрийн төсөл хөтөлбөр, судлагаа шинжилгээний ажил хийгдэж байгаа. Монгол Улсын Их Хурлаар 2007 онд Сэргээгдэх Эрчим хүчний Хуулийг баталж, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг 2010 онд өөрчилж боловсронгуй болгосон. Уг хөтөлбөрөөр сэргээгдэх эрчим хүчний салбарын дунд болоод урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, 2020 он гэхэд нийт эрчим хүчний хэрэгцээнийхээ 20-н хувийг нар, салхи, усны эрчим хүчээр хангах зорилт тавиад ажиллаж байгаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш