АНУ-д айлчилж байгаа Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Вашингтон хотноо Бүгд Найрамдахчуудын хүрээлэн, Ардчиллын төлөөх Үндэсний сангаас хамтран зохион байгуулсан “Монголын ардчиллын 25 жилийн ой, амжилт, сургамж, зорилт” сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцож үг хэлэв. Дугуй ширээний уулзалтыг Бүгд Найрамдахчуудын хүрээлэнгийн Дэд Ерөнхийлөгч Томас Гаррет удирдан явуулж, тус хүрээлэнгийн Ерөнхийлөгч Марк Грийн, Ардчиллын төлөөх Үндэсний сангийн Ерөнхийлөгч Карл Гөршмэн, АНУ-ын конгрессын гишүүн, Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын төлөөх түншлэлийн хөтөлбөрийн дарга П.Роскам нар үг хэллээ.
Л.Пүрэвсүрэн сайд, “Шинэ юм болгон амаргүй байдаг. Тэр дундаа ардчиллыг цогцлоох нь хялбар биш. Энэ зовлонг бид сайн ойлгосон учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар бид Олон улсын хамтын ажиллагааны сан байгуулсан. Сангийн шугамаар шинэ тулгар ардчилсан орнуудтай туршлагаа хуваалцах зорилготой. Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсч байна. Манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай даргалсан. Сайд нарын Бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Өнгөрсөн тавдугаар сард онлайн эвслийн бага хурлыг эх орондоо хийлээ. Энэ бүх үйл ажиллагаа, оролцоо нь ардчиллыг төлөвшүүлэхэд нэн тустай юм” хэмээв.
Бүгд Найрамдахчуудын хүрээлэн Монгол Улстай олон жилийн турш хамтран ажиллаж байгаа юм. Тус хүрээлэн бол эрх чөлөө, ардчиллыг урагшлуулах чин зорилготойгоор 30 гаруй жилийн өмнө байгуулагдсан бөгөөд 1991 оны гуравдугаар сард Монголд анхны хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Бүгд Найрамдахчуудын хүрээлэнгийн Ерөнхийлөгч, Элчин сайд Марк Грийн хэлэхдээ, Монгол орон ардчилал руу тайван замаар шилжсэн нь бүс нутагтаа онцгой чухал үйл явдал, үлгэр дуурайлал юм. Монгол Улс дэлхийн 2 гүрний дунд оршдог ч гуравдагч хөршийн бодлогын хүрээнд АНУ, Япон, БНСУ, Канад зэрэг өндөр хөгжилтэй ардчилсан орнуудтай хамтран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн удирдлага дор дэлхий дахины ардчиллын хүчтэй дуу хоолой болж байна. Монгол Улс ардчилал руу амжилттай шилжсэн туршлага хуримтлуулаад зогсохгүй ардчиллын явцад тулгардаг засаглалын асуудлуудыг хэрхэн шийдэж тухайд үлгэр дуурайл болох орон юм хэмээв.
Энэхүү дугуй ширээний уулзалтад АНУ-ын Конгресс, Төрийн департамент, Конгрессын судалгааны төв, Монголын нийгэмлэг болон бусад судлаачид зэрэг 80 гаруй хүн ирж оролцов.