logo
С.Ламбаа: АНУ-ын Мянганы сорилтын сангийн корпорацынханд хүнд суртлаа багасга гэж хэлсэн |

С.Ламбаа: АНУ-ын Мянганы сорилтын сангийн корпорацынханд хүнд суртлаа багасга гэж хэлсэн |

2011/10/04
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 66 дугаар чуулганы үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай ярилцлаа.
-Таны хувьд ямар уулзалтад оролцов. Санасан бодсон ажил тань бүтэв үү?
-Би гурав дахь дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Ерөнхий ассамблейн төвшинд халдварт бус өвчин, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хянах гэсэн сэдвээр дээд хэмжээний уулзалт болсон юм. Анх удаа халдварт бус өвчний талаар маш өндөр төвшинд авч хэлэлцсэн нь энэ. Халдварт бус нь халдварт өвчнөөсөө их аюултай байдаг юм л даа Яагаад гэхээр маш их удаан үргэлжилдэг, олон хүнийг хамардаг. Ер нь бол халдварт бус өвчин дэлхий нийтийг хамарч буй нь хэд хэдэнасуудалтай холбоотой.
Хүнээс өөрөөс нь шалтгаалж буй учраас анхаарал тавиад байгаа хэрэг. Хөдөлгөөний хомсдолоос болоод сахарын өвчин газар авч байна. Хоёрдугаарт архи, тамхины хэрэглээ янз бүрийн хавдрын өвчлөлд хүргэж буй юм. Дээрээс нь хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналт дэлхий нийтэд суларсан, агаарын, газрын хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлт гэх мэтийн дэлхийг хамарсан ноцтой асуудал халдварт бус өвчний эх үүсвэр болоод байна. Тиймээс хэлэлцэж буй хэд хэдэн асуудалд санал нэгдсэн байгаа.
-Яг ямар асуудал дээр санал нэгдсэн юм бол?
-Нэгдүгээрт халдварт өвчин, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд дэлхий нийтээрээ яг адилхан шаардлага, хяналт тавьж ажиллая гэсэн байгаа. Жишээлбэл, тамхины хяналтын тухай суурь конвенцийг ДЭМБ-аас гаргачихсан болохоор дэлхий нийтээрээ анхаарал тавьдаг. Гэтэл архинд байдаггүй. Тийм учраас манай Засгийн газраас өнгөрсөн онд ДЭМБ-ын чуулганд Тамхины хяналтын тухай суурь конвенцтэй адилхан архины хэрэглээг бууруулахад хяналт тавих хэрэгтэй байна гэдэг асуудлыг тавьсан. Манай Ерөнхийлөгч ч гэсэн өөрийнхөө Ерөнхий санал, шүүмжлэлийн илтгэлд энэ тухай маш товч тодорхой оруулж, дэлхий нийтийг нэгдэж ажиллахыг уриаллаа. Мөн Ерөнхийлөгч маань НҮБ-ын Ерөнхий нарын бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзахдаа ч энэ тухай хэлж, санал тавьсан. Миний хувьд ч гэсэн энэ асуудлын талаар илтгэлдээ оруулж, хэлсэн байгаа.
-Тамхины хэрэглээний хувьд улс орнууд олон арга хэмжээ авч байгаа. Харин манай улс ямар арга хэмжээ авч ажиллахаар болж байгаа вэ. Саяхан өргөн барьсан хуульдаа юу гэж тусгав?
-Ерөөсөө л тас хорьчихсон хууль юм.Харин  манай яамнаас  боловсруулж оруулсан, Засгийн газраас өргөн барьсан хуульд үйлчилгээний газарт, албан байгууллагуудын конторт тамхи татахыг хориглосон байгаа. Тиймээс утаа униар нь бусдад дам хордлого өгөхгүй  тусгай өрөөнд л тамхиа тат гэдэг хууль өргөн барьсан хэрэг л дээ. Австрали улс гэхэд саяхан мундаг арга хэмжээ авсан байжээ. Улс төрийн болоод эдийн засгийн маш их зориг гаргажээ. Дэлхийн бүх орны тамхийг ганцхан өнгийн боолттой болгосон. Австралид тусгай бор өнгийн боолтод хийгээд дээр нь янз бүрийн хор хөнөөлийнх нь зургийг тавьжээ. Ямар тамхи болох талаарх нэр нь ч харагддаггүй гэж байна. Энэ нь маш их эсэргүүцэлтэй тулгарсан ч гэлээ одоо тэр улс руу импортлогчид хүртэл тамхиа оруулах сонирхолгүй болсноос гадна бизнесийнхэн нь  ч тамхиар оролдохоо байжээ.
-Тэгэхээр арга хэмжээ  авч чадвал хэрэгжинэ гэдгийн нэг жишээ бол энэ байх л даа. Гэхдээ тамхинаасаа илүү архи нь том бизнес шүү дээ?
-Тийм шүү. Тиймээс л дэлхий нийтийг  архи, тамхиныхаа татварыг өндөрсгө гэж байна. Маш өндөр үнэтэй болго. Харин архины хувьд бол градусыг нь бууруулъя гэсэн. Аль болох зөөлөн шинж чанартай болгоод зохистой хэрэглээгээр нь зохицуулах талаас нь ярилаа. Гэхдээ л архи, тамхийг
дэлхий нийтээрээ хоригло гэдэг тухай л их яригдлаа. Архи бол тухайн уусан хүндээ л хор хөнөөлтэй байдаг бол тамхи хажууд нь байгаа бүх хүнд хортой шүү дээ.
-Архи, тамхинаас гадна хорт хавдрын өвчлөл нэлээд хурцаар яригдлаа гэж байсан?
-Хамгийн гол нь хорт хавдар залуужаад байна. Энэ нь архи, тамхины хэрэглээтэй шууд холбоотой л доо. Манай улсад хавдрын асуудал маш их газар авсан гэж дэлхий нийтээрээ ярьдаг юм. Энэ нь үнэн л дээ. Гэхдээ ганцхан Монголд байдал ийм гэж хэлж болохгүй. Дэлхий нийтэд хавдар маш өндөр төвшинд хүрсэн. Тэр дундаа залуучууд их нэрвэгдэж байгааг дэлхий нийтээрээ л ярьж байгаа. Манай улс 1992 оноос эхэлж В вирусийн вакцин хэрэглэсний хүчинд хавдрын өвчлөлөө бууруулж чадсан. Ер нь бол 250 гаруй төрлийн хавдрын өвчлөл байдаг юм билээ. Эдгээрээс зургаа нь манайд давамгайлдаг. Элэг, ходоод, умайн хүзүү, хөхний, дотоод эрхтний хавдар гээд л. Гэхдээ нийт халдварт бус өвчний 80 гаруй хувийг хавдар эзэлдэг. Энэ аймаар тоо байгаа биз. Дотор нь аваад үзэх юм бол элэг 40 хувийг нь эзэлж байх жишээтэй. Элэгний өвчлөл нь архи, хоол хүнсний хэрэглээтэй холбоотой байдаг. Ер нь, суурийг нь социализмын үед л тавьчихсан шүү дээ. Нэг тариураар олон хүнд тариа хийгээд л хүмүүсийнхээ элгийг гэмтээчихсэн байхгүй юу. Одоо нэг хэрэглээний тариур ашигладаг болсон болохоор энэ үзүүлэлт нь буурч л байна. Гэхдээ л манай улсад өдөрт 5-7 хүний элгийг тайрах мэс ажилбар хийгддэг гээд бодохгүй юу. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Тэгэхээр бүх хүнээ урьдчилан сэргийлэх үзлэгт оруулдаг тогтолцоонд нэн тэргүүнд шилжих хэрэгтэй байна.
-Манай улсад давамгайлдаг хавдруудыг бууруулахын тулд та ямар ажил хийж байна вэ?
-Ази тивд хавдрын өвчлөлийг дээд хэмжээгээр бууруулах загвар улс орон болохоор манай улс Олон улсын цөмийн энергийн агентлагаас дэвшүүлсэн хөтөлбөрт хамрагдсан. Тэр утгаараа Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийг барьж байна. Энэ өргөтгөлд, туяа, химийн эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмжийг тавина. Тэгж байж улсынхаа хавдрыг  бууруулах   юм. "Хавдрын эсрэг хамтдаа" аяны хүрээнд орон нутгийн бүх хүнийг үзлэгт хамруулсан. Тэгэхэд нэг аймагт нийт үзсэн хүний 30 гаруй хувь нь ямар нэгэн хавдартай байсан. Эндээс манай улсад хавдрын өвчлөл маш их байгаа нь харагдаж буй байх. Хамгийн гол нь манай монголчууд морио унаж давхисаар байгаад гурав, дөрөвдүгээр шатандаа орсон үедээ л эмнэлэгт ханддаг муу зуршилтай. Жилд 3500-4000 хүн хавдраар оношлогдож байна. Тэр хүмүүсийн 70 хувь нь ямар ч эмчилгээгүй болсон үедээ ирдэг нь судалгаагаар батлагдсан.
-Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлэгчид нь багтахгүй байна. Монголчууд  хавдраар үхэж дуусах нь гэж яриад байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Хамгийн  гол нь хүмүүс маань хавдрыг эмчилж болдог гэдгийг ойлгочхоод шинжилгээнд хамрагдах нь ихэссэн болохоор л Хавдар судлалын үндэсний төв ачаалалтай ажиллаад байгаа юм. Хөдөөнөөс ирсэн хүн бүр хавдартай байна уу, үгүй юү гэдэг шинжилгээ өгөөд явдаг тогтолцоонд орж байна. Бас нэг баяртай мэдээ дуулгахад хоёрдугаар эмнэлгийн хашаан дотор Солонгосоос 45 сая ам.долларын зээл аваад Үндэсний оношилгооны төв барих гэж байна. Энэхүү төвд тэр дэлхийн брэнд болсон бүхий л оношилгооны аппарат авчирч тавина.
-Гэхдээ манай эрүүл мэндийн салбарын асуудалтай нэг зүйл нь аппарат нь байдаг хэрнээ тэр оношилгоог нь тайлж уншдаг эмч нь байдаггүй шүү дээ?
-Гол асуудал наадах чинь болчхоод байна. Үнэндээ манай эмч нар тэр том аппаратуудын гаргаж ирж буй оношилгоог тайлж уншиж сураагүй шүү дээ. Тийм учраас би сайд болсноосоо хойш ямар арга хэмжээ авсан бэ гэхээр Япон, Солонгос гээд аль ч улсаас ирж байгаа аппаратуудыг оруулж ирдэг компани нь эмч, инженерүүдийг нь авч явдаг байх тогтолцоонд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Германаас аппарат авлаа гэхэд тэндээ манай эмч нар 14 хоног ажиллаж, сурч байгаад ирнэ гэсэн үг. Аймаг, сумдад өгч байгаа жижигхэн анализатар аппарат гэхэд л 18 нэр төрлийн хариу гаргаж өгдөг. Гэтэл тэр хариуг нь сумын эмч яагаад ч тайлж уншиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр хариуг нь интернэтээр тархиных бол гуравт, бөөр бол нэгдүгээр эмнэлэг рүү явуулахад л тэр дор нь том профессорууд нь тайлж уншаад буцаагаад хариуг нь өгч, ийм эмчилгээнд оруул гэдэг тогтолцоонд л шилжүүлээд байгаа юм. Тэрнээс биш сумын эмчийг тэр хариуг нь тайлж уншдаг болтол нь хөгжүүлэх хүртэл зай ч байгаа байлгүй дээ.
-АНУ-ын Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар өсвөр насны охидыг умайн хүзүү болон  хөхний хорт хавдраас  урьдчилан сэргийлэх вакцинд  хамруулахаар болсон гэв үү?
-"Хавдаргүй Монгол" ТББ-ын тэргүүн хатагтай Болормаа  умайн хүзүүн болон хөхний хорт хавдрын вакциныг Монголд оруулж ирэх талаар холбогдох хүмүүстэй нь уулзалт хийсэн. АНУ-ын Мянганы сорилтын сангийн 39.2 сая ам.долларын буцалтгүй тусламж Монголд хэрэгжиж байгаа юм. Энэ мөнгө нь нийгмийн эрүүл мэнд, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх төслийг санхүүжүүлэх юм. Энэ төсөлд манай охидын арван хувийг умайн хүзүүн болон хөхний хорт хавдрын вакцинд хамруулах талаар тусгасан байгаа. Манай улсад 145 мянга орчим өсвөрийн буюу 9-14 насны охин байдаг. Тэднийг дээрх вакцинд бүрэн хамруулъя гэдэг зорилгоор тэргүүн хатагтай маань ажиллаж байгаа нь энэ. Сая АНУ-ын эм биологийн хамгийн сайн брэнд үйлдвэртэй нь уулзалт хийсэн. Энэ нь өөрөө маш их үнэтэй вакцин юм билээ. ОХУ гэхэд 800 орчим ам.доллараар охиддоо хийдэг юм билээ. Гэхдээ мөнгөө хувь хүн өөрөө төлдөг гэсэн. Нийт худалдаагаар авах юм бол 300 орчим ам.доллараар нэг хүнд хийх вакциныг авах юм. Манайх болохоор харилцан гэрээ хийгээд үнийн хямдрал үзүүлж нийлүүлээч ээ гэсэн санал тавьсан байгаа.
-Үнийн саналаа хэд гэж өгсөн юм бэ?
-10 ам.доллар гэдэг санал тавьсан. Ерөнхийдөө их  нааштайгаар дуугарсан байгаа. Харин дараа жилийн 9-10 нас руу шилжих 25-30 мянган охинд хийх вакцинаа засаг төсөвтөө суулгаад даая гэж байгаа юм л даа. Ер нь бол хоёр жилийн дараа гэхэд вакциных нь үнэ 10 ам.доллар болж буурах ёстой. Яагаад гэвэл дэлхий нийтээрээ энэ вакциныг хийлгээд ирэхээр үнэ нь буурч л таарна.
-Та бас АНУ-ын Мянганы сорилтын сангийн корпорацын хүмүүстэй уулзсан байх аа. Энэхүү уулзалтаар юу яригдав?
-39.2 сая ам.долларын үр ашгийн талаар ярилцсан юм. Уг нь эрүүл мэндийн төсөл маань маш сайн явж байгаа. Хамгийн харамсалтай нь их мөнгө яваад байгаа юм л даа. Энэ мөнгийг 2013 онд зарж дууссан байх ёстой. Гэтэл тэр тендер нь Вашингтоноос шалгарч явдаг байхгүй юу. Их удаанаас гадна хүнд суртал их гаргадаг юм. Үүнийг нь би сая шүүмжилсэн. Бид чинь 20 хүн гадаад руу явуулахаар болбол Вашингтоноос зөвшөөрөл ирэхийг л хүлээдэг. Зөвшөөрөл нь ирлээ гэхэд мөнгө нь их удаан шилжиж ирдэг болохоор хэтэрхий их цаг хугацаа алддаг. Тиймээс наад хүнд суртлаа багасга гэж хэлсэн. Бид маш хурдтайгаар төслөө хэрэгжүүлмээр байна. Яагаад гэвэл энэ төсөл нь сум бүрт хэрэгжих ёстой. Дээрээс сумдаа тоног төхөөрөмжөөр хангана. Бүх урьдчилан сэргийлэх үзлэгийг буюу сахар, зүрх судасны, умайн хүзүү, хөхний хавдар гээд бүхий л шинжилгээг Монгол даяар хийнэ. Тийм учраас хүнд суртлаа багасгаж туслаач ээ гэсэн хүсэлт тавьсан. Хүмүүс нь ч сайн хүлээж авч анхаарч ажиллана гэсэн.
-39.2 сая ам.доллар гэдэг бага мөнгө биш шүү. Ингэхэд одоогийн байдлаар хэдэн ам.доллар нь зарцуулагдаад байгаа бол?
-15 сая ам.долларынх нь төсөл дуусаж байгаа. Гуравдугаар эмнэлгиЙн зүрхний төвд. анго графийн тоног төхөөрөмжийг таван сая ам.доллараар авч тавьж байгаа юм. Удахгүй нийлүүлэхээр болсон. Тэгэхээр зүрхний тал дээр манай улс айлтгүй болно. Дээрээс нь зүрхний мэс заслын таван эмчийг Германд бэлтгэж байгаа. Бүр багаараа явсан. Мэс заслын эмч нь, мэдээгүйжүүлэгч эмч нь, сувилагч, инженертэйгээ хамт явсан. Өөрөөр хэлбэл, хагалгаанд ордог багаараа явсан гэсэн үг л дээ. Манай улсын нэг том алдаа нь дурангийн эмчийг Франц, Японд бэлтгэчихсэн байдаг юм. Тэгсэн хэрнээ хажууд нь дагаж ордог эмчийг нь бэлтгээгүй байдаг. Тийм учраас дурангийн эмч нар мэс засалд орж чадахгүй байна. Манайд нэг амбиц гараад байдаг гэмтэй. Нэг, хоёр, гуравдугаар эмнэлэгт, Хавдар судлалын үндэсний төвийнхөн бүгдээрээ л элэг шилжүүлнэ, тайрна гэж яриад байдаг байхгүй юу. Тэгж болохгүй шүү дээ. Манай улс шиг цөөхөн хүн амтай оронд маш мундаг том эмч нарын баг л ажиллуулмаар байгаа юм. Тийм ч учраас би анх удаа элэг шилжүүлэн суулгах 22 эмчийг нэг баг болгож бүрдүүлсэн.
-Аль эмнэлгийн эмч нар багтсан байгаа вэ. Энэ багийн эмч нар хаана хагалгаагаа хийх эрхтэй вэ?
-Энэ багт нэгдүгээр эмнэлгийн,  Эх нялхсын, Хоёрдугаар эмнэлгийн нэртэй эмч нараас гадна хувийн эмнэлэгт ажилладаг мундаг эмч нар багтсан. Тэгэхээр энэ багт багтаж буй эмч нар л элэг шилжүүлэн суулгах мэс засалд орно гэсэн үг. Өөр хэн ч орохгүй. Гэхдээ энэ багийнхан маань аль ч эмнэлэгт мэс ажилбар хийх эрхтэй. Манай эмч нар бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбар хийгээд сурчихсан. Үүнтэй адил элэг, чөмөг шилжүүлэх хэрэгтэй. Цусны хорт хавдрын ганц эцсийн эмчилгээ нь чөмөг, эс шилжүүлэн суулгах шүү дээ. Тиймээс л байр, эмчийг нь бэлтгэчхээд байна.
-Таны ярианаас манай эмнэлгүүд цэгцтэй болж, эрүүл мэндийн салбар маань одоо л нэг өндийх нь гэдэг сэтгэгдэл төрүүлж байна?
-Манай улсын эрүүл мэндийн салбарт 2008 оноос хойш хөрөнгө оруулалт сайн орлоо. Төр засаг ч сайн анхаарлаа. Жишээлбэл, намайг сайд болоход 200 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан эрүүл мэндийн салбар 2011 онд 300 тэрбум болсон. Одоо бол 490 тэрбумыг авна гээд л Сангийн яаманд оруулчихсан байгаа. Ингэж л том өөрчлөлт хийхгүй бол эрүүл мэндийн салбар болохоо байчихсан байхгүй юу. Байшин барилга, тоног төхөөрөмж нь, голлох сайн эмч нар нь байхгүй болчихсон, бөөн хүнд сурталтай л газар болж хувирсан.
Одоо бол эх нялхсын салбарт том том эмнэлгээ бариад эхэлчихлээ. Мөн нэг, гуравдугаар эмнэлгийг шинээр барьж байна. Улаанбаатарт зориулсан эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг 19 тэрбумаар барьж байна. Энэ төв нь Эх нялхсын эрүүл мэндийн төвтэй яг адилхан статустай байх юм. Зуун ээж, зуун хүүхэд эмчилж, зуун эх төрөх. Гэхдээ төрж чадахгүй хүндэрчихсэн эхчүүдийг төрүүлдэг эмнэлэг болох юм. Энгийн төрөх эхчүүд нь нэг, хоёр, гуравдугаар төрөхдөө төрдгөөрөө төрнө.

Ардчилал сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш