logo
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНКУ-ын  Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчтэй хэлэлцээр хийв

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНКУ-ын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчтэй хэлэлцээр хийв

2015/07/23

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Куба Улсад хийж буй албан ёсны айлчлал Хосе Мартигийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхэллээ. Гадаад хэргийн сайдын энэхүү айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 55 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог бөгөөд Монгол Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд 20 жилийн дараа хийж буй айлчлал юм.

Айлчлалынхаа хүрээнд сайд Л.Пүрэвсүрэн БНКУ-ын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Нэгдүгээр орлогч сайд Марселино Медина Гонзалестай албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний эхэнд Куба Улс АНУ-тай дипломат харилцаагаа сэргээн тогтоож, Вашингтон болон Гавана хотноо харилцан Элчин сайдын яамдаа нээж буйд баяр хүргэв. Түүнчлэн энэхүү түүхэн үйл явдал нь Монгол, Кубын хоёр талын харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа сайд Л.Пүрэвсүрэн мэдэгдэв.

Хоёр улсын харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлал чухал үүрэг гүйцэтгэхийг талууд тэмдэглэсэн бөгөөд Л.Пүрэвсүрэн сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНКУ-ын Төрийн болон Сайд нарын Зөвлөлийн дарга Эрхэмсэг ноён Р.Кастрог Монгол Улсад айлчахыг урьсан урилгыг дахин нотлов. Гадаад хэргийн сайдын айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй буйгаа сайд Марселина Медина Гонзалес тэмдэглээд Кубын талаар ойрын хугацаанд дээд, өндөр түвшинд айлчлал хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг мэдэгдэв.

Сайд Л.Пүрэвсүрэн Монгол, Кубын уламжлалт, найрсаг харилцааг өнөөгийн шинэ нөхцөл байдалд нийцүүлэн өргөжүүлэн хөгжүүлэх, тухайбал, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, анагаах ухааны нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэн солилцох зэргээр харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхлоо илэрхийлэв. Мөн Олон улсын хамтын ажиллагааны сангийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн талаар танилцуулж, Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн туршлагаасаа Куба Улсын Засгийн газартай хуваалцахад бэлэн буйг онцлов. Сайд Л.Пүрэвсүрэн “Хоёр орон хэдийгээр газар зүйн хувьд алс хол оршдог ч хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, талууд нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах, бизнесийн байгууллага хоорондын харилцааг дэмжих нь цаашдын хамтын ажиллагааны нэгэн чухал чиглэл болохыг тэмдэглэв.

Бүгд Найрамдах Куба Улсын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч сайд Марселино Медина Гонзалес Куба Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглээд хоёр талын уламжлалт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, түүнчлэн аялал жуулчлал, хөдөө аж ахуй, анагаах ухааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа мэдэгдэв. Зах зээлийн эдийн засагт шилжсэн Монгол Улсын туршлагаас Кубын тал судлах, харилцан төлөөлөгч солилцох саналыг хүлээн авч буйгаа мөн тэрбээр мэдэгдлээ.

Сайд нар олон улсын байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон улсын сонгуульд бие биенээ харилцан дэмжихийн чухлыг тэмдэглэв. Кубын тал Монгол Улсыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд дэмжихээ нотлов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш