logo
Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал Фрэнсис Гарриг Алтангадас одонгоор шагнав

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал Фрэнсис Гарриг Алтангадас одонгоор шагнав

2015/07/23
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал, Австрали Улсын иргэн Фрэнсис Гарриг Алтангадас одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын хоорондын харилцаа болон Монгол Улсад оюуны өмчийн тогтолцоог боловсронгуй болгох, бүтээлч сэтгэлгээ, инновацийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал Фрэнсис Гарриг Алтангадас одонгоор шагнасугай” хэмээжээ. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулсны дараа баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн байгууллагууд тэр дундаа Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагатай олон салбарт, үр дүнтэй  хамтран ажиллаж ирсэн. Өдгөөгөөс 25 жилийн тэртээ энэ өдрүүдэд Монголд анх удаа олон намын чөлөөт ардчилсан сонгуулийн санал хураалт болж байсан. Энэхүү сонгуулийн дараа Монгол Улс чөлөөт, ардчилсан, зах зээлийн нийгэмд шилжсэн. Энэ түүхэн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Монгол Улс болон НҮБ, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага хоорондын харилцааг хөгжүүлэхэд оруулсан таны болон танай байгууллагын үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн төрийн хүндэт шагнал болох Алтангадас одон олгож байна. Монголд оюуны өмчийг хамгаалах чиглэлд та бүхэн их зүйлийг хийсэн бөгөөд цаашид улам ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Баяр хүргэе. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье” хэмээв. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш