logo

"Хар/Цагаан" жагсаалтын бүртгэл тун удахгүй эхэлнэ

2015/08/04

Наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Монголын Залуучуудын Холбооны www.myf.mn сайтад улс төрийн шат шатны сонгуульд нэр дэвших хүмүүсийн "ХАР/Цагаан" жагсаалтын бүртгэл эхэлнэ.

Энэ оны дөрөвдүгээр сард МЗХ тавдугаар Их хурлаараа дээрх жагсаалтын үндэс суурийг нь баталж, Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хурлаар шийдлийг тогтоосон нь өдгөө бодит ажил болж буй юм. Нийгэмд, улс төрд, олон нийтийн дунд ямарваа сонгуулийг ижил тэгш мэдээллээр хангасны үндсэн дээр иргэд, сонгогчид зөв хүнээр төр түшүүлэх нөхцөл боломж бүрдүүлсэн байхыг зүй ёсоор шаардаж байна. Энэ нь ч сонгогдсон УИХ-ын гишүүн, төрийн түшээд, нийслэл, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийг гоочилж, чамлалтай ханддагаас нь илэрхий харагддаг билээ. Тэгвэл Монголын Залуучуудын холбоо улс орныхоо хувь заяаг шийдвэрлэгч сонгуулийн насны иргэд, залуустаа хандаж хийсэн сонголтоо үгүйсгэн, халаглаж суух биш анхнаасаа зөв хүнийг төрд томилдог болъё гэх зарчмын үндсэн дээр "ХАР/Цагаан" жагсаалт боловсруулах ажлыг эхлүүлж байна.

Монголын улс төрийн сонгуульд нэр дэвшигчдийн хар ба цагаан жагсаалтын бүртгэл есдүгээр сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ. Хос жагсаалт бий болгоход иргэд, олон нийтийн санал хамгийн гол үндэс. Цагаан жагсаалтын бүртгэлд Улсын Их хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшигчид сайн дураар нэр дэвших боломжтой. Үүний тулд өөрийн зорилго, тэмүүлэл, мөрийн хөтөлбөр, танилцуулга гэх зэрэг шаардлагатай мэдээллийг шат дарааллын дагуу www.myf.mn сайтад оруулах юм. Нөгөө талаас Үндсэн хуулиа сахин биелүүлдэггүй, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжид харших үйлдлийг намтартаа суулгасан гэх зэргээр Монголын ТӨРийг түшилцэхэд зохимжгүй гэж үнэлүүлэх хүмүүсийг ХАР жагсаалтад оруулах боломжийг МЗХ бүрдүүлнэ.

Улс төрийн сонгуульд саналаа өгч оролцох нь иргэний эрхэм үүрэг байдаг шиг ХАР/Цагаан жагсаалтад саналаа нэмэрлэх нь улс төрийг эрүүлжүүлэхийн төлөөх чухал оролцоо юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш