logo
Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийг баталлаа

2015/08/07

Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өчигдрийн /2015.08.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тэрээр, Ардчилсан нам Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл “хангалтгүй” гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр доор нэр дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас огцруулах саналтай байна.

1. Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын;

2. Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын;

3. Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;

4. Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;

5. Намхайн Төмөрхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын;

6. Содномын Чинзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын үүрэгт ажлаас огцруулахаар тогтоолын төсөлд тусгасан хэмээв.

Ерөнхий сайдын тогтоолын төслийн танилцуулгын дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МАН-ын бүлгийн байрь суурийг илэрхийлж үг хэлсэн.

МАН-аас нэр дэвшин Засгийн газрын гишүүнээр томилогдон ажиллаж байгаа нэр бүхий 6 сайдыг огцруулах саналыг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодын өнөөдрийн үдээс өмнөх /2015.08.06/ хуралдаанаар хэлэлцэж, сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжээд байсан юм.

Ерөнхий сайдын танилцуулга, МАН-ын бүлгийн дүгнэлтийн дараа Байнгын хороодын санал дүгнэлтийг холбогдох байнгын хороодын дарга нар хуралдаанд оролцсон гишүүдэд уншиж танилцуулсан.

Үүний дараа дээрх танилцуулгууд болон МАН-ын бүлгийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын нэр бүхий 25 гишүүдн өөрсдийн байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайд болон чөлөөлж буй зарим гишүүдээс асуулт асууж, тодруулга хийсэн юм.

Ийнхүү тогтоолын төслийн талаарх асуулт хариулт, гишүүдийн байр сууриа илэрхийлж дууссаны дараа байнгын хороодын гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулав. Байнгын хорооны саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд санал хураалтыг хувиар илэрхийлсэн байдлаар харуулбал:

Төрийн байгуулалтын байнгын хорооны Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас огцруулах саналыг 95.8 хувь,

Төсвийн байнгын хорооны Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын үүрэгт ажлаас огцруулах саналыг 97.8 хувь,

Эдийн засгийн байнгын хорооны Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын үүрэгт ажлаас огцруулах саналыг 97.9 хувь,

Эдийн засгийн байнгын хорооны Намхайн Төмөрхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын үүрэгт ажлаас огцруулах саналыг 100 хувь, 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Содномын Чинзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын үүрэгт ажлаас огцруулах саналыг 95.6 хувь,

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажлаас огцруулах саналыг 86.4 хувь нь тус тус дэмжсэн.

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг бүрэн эхээр нь уншиж танилцуулаад, тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх болохыг мэдэгдсэнээр энэ удаагийн цаг сунган хуралдсан нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш