logo
Автомашины утаа хүүхдийн оюун ухаанд муугаар нөлөөлдөг

Автомашины утаа хүүхдийн оюун ухаанд муугаар нөлөөлдөг

2011/10/05
Автомашины утаа ихтэй хот, суурин газрын хүүхдүүд цэвэр агаарт амьдардаг үеийнхнээсээ IQ буюу оюун ухааны түвшингээрээ хавьгүй дор болохыг шинжлэх ухааны судалгаа саяхан нотолжээ. Харвардын Их сургуулийн доктор, судалгааны багийн ахлагч Шакира Франкогийн үзэж байгаагаар автомашинаас ялгардаг утаа тортог нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй хүүхдүүдийн оюун ухаанд тэдний эх нь жирэмсэн үедээ өдөр бүр арваас доошгүй тамхи татаж байсантай тэнцэх хэмжээний хор уршгийг учруулдаг байна. Автомашинаас шалтгаалсан агаарын бохирдол нь зүрх-судас болон амьсгалын замын эрхтэнд хортой нөлөөлдөг болохыг судалгаагаар хэдийнэ нотолсон боловч хүний оюуны чадварт ноцтой ул мөр үлдээдэг болох нь тун бага судлагджээ. Эрдэмтэд судалгаандаа Бостон хотод амьдардаг 8-11 насны 200-гаад хүүхдийг хамруулсан аж. Тэдний танин мэдэхүйн чадварыг сорилын тусламжтайгаар тодорхойлоход агаарын бохирдолтой хотод аж төрдөг хүүхдүүд үеийнхнээсээ оюуны чадварын хувьд сайнгүй болох нь тогтоогджээ. Мөн эрдэмтэд уг судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн эцэг, эхийн боловсрол, гэр бүлийн байдал, төрөх үеийн биеийн жин, тамхины утаанд өртөмтгий эсэх зэрэг хүчин зүйлүүдэд анхаарлаа хандуулсан боловч үр дүн урьдын адил гарчээ. Автомашинаас үүдэлтэй агаарт тархсан хорт хийн улмаас хүүхдүүдийн IQ буюу оюун ухааны түвшин дунджаар 3.4 шатлалаар доошилдог болохыг судалгаагаар баталсан байна. Ялангуяа агаарын бохирдол дунд өдөр тутмын амьдралаа өнгөрөөдөг хүүхдүүд үгийн баялаг, ой санамж, мэдлэгийн сорилд муу дүн авчээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш