МАН-ын зургаан сайд Засгийн газраас гарахаас өмнө яригдаж эхэлсэн шинэ сайдын нарын асуудал одоо ч гэсэн ярианы сэдэв болсоор байна. Бие даагч гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга асан Ц.Даваасүрэн, Н.Энхбаярын хүү Э.Батшугар, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Арвин, Ц.Баярсайхан нараас өгсүүлээд олон ч хүний нэр сайдад горилогч нарын дунд цохиж яваа.
УИХ-ын гишүүн асан Кёкүшүзан Д.Батбаяр ч мөн сайдын суудалд горилж яваа сурагтай. Эх сурвалжийн хэлснээр тэрээр өнөөдөр Ерөнхий сайдтай уулзаж салбар нь хамаагүй, аль нэг яамны сайд болж Засгийн газарт орох хүсэлтэй буйгаа дуулгасан байна. Хэдийгээр Кёкүшүзан Д.Батбаярыг сайд болно гэхэд итгэж ядах хүн олон байгаа ч ядаж Д.Арвин гишүүнээс дээр юм даа гэж өмөөрөх хүмүүс ч байна. Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг шиг тулга тойрсон хэрүүл хийж суухаар болохгүй бол цохиод авдаг эрэгтэй хүн байсан нь дээр гэж бодсон бололтой. Дээрээс нь намаа сольж гүйсэн мань гишүүнийг бодвол Кёкүшүзан УИХ-ын гишүүнээс гадна бас ч үгүй Ерөнхий сайдын зөвлөхийн албыг гурван жил хашиж явсан намтартай зэргийг бодоо биз.
Хэн мэдлэг чадвартай, хэн туршлагатай, хэн бодлого хэрэгжүүлж чадах вэ гэдгийг харж, ярьж сайдад нэр дэвшүүлэх ёстой атал “ядаж дээр юм даа” хэмээн сонголтоо хийх нь өнөөх л намын томилгооноос болсон хэрэг хэмээн шинэ сайд нарыг л хүлээж суухаас.