logo
Авилгачдыг өршөөх үү, ардчиллаа хамгаалах уу өөрөө л мэд Элбэгээ

Авилгачдыг өршөөх үү, ардчиллаа хамгаалах уу өөрөө л мэд Элбэгээ

2015/08/14
“Надаас муусайн авилгачид бүгд айдаг юм. Би Ерөнхий сайд байхдаа Гаалийн Баатар тэргүүтэй албан тушаалтны гэмт хэрэгтнүүдийг илчилж байсан. Ерөнхийлөгч болох юм иймэрхүү албан тушаалтнуудыг бүгдийг нь байх ёстой газар руу нь явуулна. Шударга л байцгаая л даа. Шударга байя” хэмээн 2009 онд уриалсаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулж, 2013 онд Ардчилсан анхны Ерөнхийлөгч гэдэг сайхан нэртэйгээр дахин сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танаас шударга байхыг, ардчиллаа хамгаалахыг, ард түмнээ өмгөөлөхийг, албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн мөнгөөр хөлжсөн гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж өршөөхгүй байхгүй өнөөдөр сонгогчид чинь шаардаж байна.

Та одоогоос хоёрхон жилийн өмнө гурван сая хүрэхгүй Монголчуудын нийт сонгогчдын 50.23%-ийн санал авч ялалт байгууж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон. Тэр үед Монголчууд танд итгэж, авилгатай тэмцэж, ард түмнээ өмгөөлж, ардчиллаа баталгаажуулна гэж найдаж байсан. Монголчууд “Олны хүч оломгүй далай” гэж ярьдаг. Гэхдээ ганц хүний хүч, ухаан хоёр бүхэл бүтэн улс орныг ч аварч хамгаалж чаддаг юм гэдгийг, үнэхээр авилгачтай тэмцдэг, ардчиллаа баталгаажуулсан, ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгч гэдгээ батлан харуулах цаг Ц.Элбэгдорж танд ирлээ. Хоёрхон хоногийн өмнө Улсын Их хурлын чуулганаар хаалттай хэлэлцэж, эрх мэдэл, сандал суудлын төлөө ханцуйдаа чулуу шиг наймаалцаж байж гаргаж ирсэн Өршөөлийн хууль нэртэй авилгачдын захиалгат хууль батлагдлаа.

Энэ хуулийн үр шимээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа, түдгэлзсэн, прокурор, шүүхийн байгууллагад шилжүүлсэн 75 хэрэг өршөөлийн хуульд хамрагдаж, ял эдлээд суллагдсан ч ялгүйд тооцогдох 205 албан тушаалтан гэм буруугүй болон хувирч байна. Өнөөдөр зөвхөн албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байгаа энэхүү 75 хэргийн цаана 144 хүн холбогдсон бөгөөд тэд улсад нийт 32 тэрбум 415 сая төгрөгийн хохирол учруулсан. Өөрөөрхэлбэл энэхүү өршөөлийн хууль эрх мэдлээ ашигласан, элдэв хөрөнгө мөнгө завшсан, цагаан захтнуудад л илүү ашигтайгаар тусаж байна. Энэ Өршөөлийн хууль анхнаасаа хэний захиалгатай, хэнд ашигтай хууль байсныг Та сайн мэдэж байгаа.

Н.Энхбаярын төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй хэсэг нөхөд энэ хуулийн төслийг зөвхөн түүнд зориулж, 2009 онд гаргаж ирсэн. 2013 оны сонгуулийн дараа Н.Энхбаяр таны уучлалаар суллагдахад МАХН-ын нэртэй хэсэг гишүүд энэхүү Өршөөлийн хуулиа мартацгаасан. Харин Н.Энхбаяр дахин гэмт хэрэгт холбогдоход өнөөдөр хаалттай хэлэлцэж, түүнийг шавар дундаас гаргаж ирэхийн тулд Ардчилсан намын авилгачидтай нийлж энэ хуулийг баталж чадлаа. Үүнийг ч Н.Энхбаяр өөрөө нотлон харуулав. Өршөөлийн хууль батлагдсан сургаар тэр хүн өөрийгөө “Ард түмний баатар, аврагч” хэмээн нэрлэсээр Сөүлийн онгоцноос бууж ирэв. Бүхэл бүтэн хоёр жил Монголын хууль цагдаагаас нуугдсан Н.Энхбаяр, яг түүн шиг авилгалын хэрэгт холбогдсон, албан тушаалаа амин хувийнхаа эрх ашигт нийцүүлж ашигласан 140 гаруй хүн өнөөдөр алгаа ташин баярлаж, харин ард түмэн энэ их доромжлол басамжлалыг хөмхийгөө зуун тэсэж тэсвэрлэж байна. Боловсролгүй хулгайч галт тэрэгнээс цүнх хулгайлдаг.

Харин боловсролтой хулгайч галт тэргийг төмөр замтай нь хулгайлдаг гэсэн үг бий. Төсвийн мөнгийг, татвар төлөгчдийн халаасыг гүвсэн 205 албан тушаалтан гэм буруугүй болон цагаадах гэж байна. Албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, хоригдож байгаа хүргэнээ, хүүхнээ, базыгаа аврахын тулд Авилгатай тэмцэх газрыг хүртэл татан буулгах гэж оролдож байсан эрх мэдэлтнүүдийн магнай тэнийн баясав. Үүний үр дүнд Монголчуудын ганц саалийн үнээ болох Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан 109 сая ам.долларын зээл авсан Жастын Батхүү, түүнийг ивээлдээ авч байсан албан тушаалтнууд, орон сууц барих нэрээр Батлан хамгаалах яамны данснаас 9.9 сая төгрөг завшсан “ХӨМОТЭ” компанийн захирал Б.Баттулга тэргүүтэй луйварчид, Цэвэр агаар сангийн данснаас 2.7 тэрбум төгрөг ашигласан гэмт хэрэгтнүүд, эхнэртээ 17 тэрбумын тендер өгөх гээд бүтэлгүйтэнгүүтээ улсын төсвөөс 4.8 тэрбум төгрөг бэлэглэдэг хүргэн гээд хүний санаанд багтамгүй гэмт хэрэг үйлдсэн олон хүн өнөөдөр ялгүй, гэмгүй болох өдрөө хүлэээж байна. Ерөнхий сайд нь сандалтайгаа, УИХ-ын дарга нь эрх мэдэлтэйгээ, гэмт хэрэгтэн Н.Энхбаяр нь сайдтай, эхнэрийнх нь дүү ялгүй, хүргэн нь хөрөнгө мөнгөтэйгээ үлдэх гэж улааран зүтгэж батлуулсан Өршөөлийн хууль нэртэй энэ гутамшигт жүжигт цэг тавьж, ядаж л албан тушаалтнуудыг өршөөх энэ заалтанд хориг тавьж, доромжлогдсон ард түмнээ өмгөөлөх боломж Ц.Элбэгдорж танд л байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих эрхтэй.  Цаг явж байна. Ард түмнээ өмгөөлөх үү, ардчиллаа хамгаалах уу, аль эсвэл авилгачдыг өршөөх үү гэдгээ Элбэгээ Та өөрөө л мэд.
 
Эх сурвалж: www.shudarga.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш