logo
Бутаны Вант Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Бутаны Вант Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2015/08/19

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг наймдугаар сарын 18-нд манай улсад ажиллаж байгаа Бутаны Вант Улсын Хөдөө аж ахуй, ойн сайд Лёнпо Доржи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Бутан Улсын төлөөлөгчид байгаль орчныг хамгаалах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр туршлага солилцох, хамтран ажиллах зорилгоор манай улсад ажиллаж байгаа юм. Уулзалтын үеэр Бутаны тал хоёр орны харилцааг цаашид бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй буйгаа тэмдэглэв.

Ижил төстэй шашин зонхилдог, далайд гарцгүй зэрэг нь манай хоёр орны хооронд туршлага солилцох, бие биенээ харилцан дэмжиж ажиллах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үндэс болж байгааг ТНБД Д.Ганхуяг онцлов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар байгуулагдсан “Олон улсын хамтын ажиллагааны сан”, “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв” зэрэг байгууллагуудын хүрээнд цаашид Бутан Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр тохиролцов.

Уулзалтын үеэр Бутаны Вант Улсын Хөдөө аж ахуй, ойн сайд Лёнпо Доржи Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг тааламжтай цагтаа Бутан Улсад айлчлахыг урив.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш