logo
Газрын тосны газар 102 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Газрын тосны газар 102 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

2015/08/27

Уул уурхайн салбарт тулгамдаж байгаа асуудал, хэрэгжүүлж буй ажлууд, олон нийтийн анхаарлыг татаад байгаа асуудлаар Уул уурхайн сайд Р.Жигжид, Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн тэргүүтэй албаныхан мэдээлэл хийлээ.


Хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ сарын 30-наас олгож эхэлнэ

Ашигт малтмалын газраас өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэн. Энэ хугацаанд Ашигт малтмалын газраас  нийт 2235 дугаар олгож, 1094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэжээ. Бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 1076, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 50, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж буй аж.

Мөн “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зүүн хагасын 11.94 сая га талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах ажил энэ сарын 24-нд эхэлсэн. Гэвч өргөдлийн дугаар олголтын үйл ажиллагаанд техникийн саатал гарч, тухайн өдрийн дугаар олголтыг хүчингүй болгож,  аж ахуйн нэгжүүдийн системд хандах эрхийг долоо хоногоор сунгасан. Өргөдөл олгох үеэр системд гарсан алдааг Log-in сервер хэт их ачаалласнаар гэмтэл гарсан гэдгийг Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа хэллээ. Энэ сарын 30-наас цахим дугаар олголт хэвийн үргэлжлэх  юм байна.

 


Эхний долоон сарын байдлаар 8.2 сая тонн нүүрс экпортолжээ

Энэ оны эхний долдугаар сарын байдлаар нүүрс 13 сая тонн, алт 5.2 тонн, газрын тос 665 мянган тонныг тус тус олборлосон байна. Мөн хайлуур жоншны баяжмал 128.7 мянган тонн, зэсийн баяжмал 681.9 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 2.9 сая тонн, цайрын баяжмал 53.8 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байгааг мөн дуулгалаа. Харин экспортын тухайд он гарсаар 783.7 мянган тонн зэсийн баяжмал, 2.7 сая тонн төмрийн хүдэр, алт 4.6 тн, нүүрс 8.2 сая тонн, газрын тос 614.5 мянган тонныг тус тус экспортолжээ.


Газрын тосны газар 102 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Ашигт малтмалын газар энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 24.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 19.2 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.1 тэрбум төгрөг, бусад орлого 4.1 тэрбум төгрөг гэнэ.

2014 оны наймдугаар сараас эхлэн газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр тогтворгүй байгаа. Тодруулбал нэгдүгээр сард  газрын тосны үнэ эрчтэй саарч нэг баррель нь 50 ам.долларт хүрсэн  бол  эргээд 67 ам.доллар хүртэл өссөн. Харин энэ сарын төлвөөр ирэх сард нефтийн бүтээгдэхүүн төрөл бүр дээр тонн тутамд 60 орчим ам.доллар болтол буурах төлөв гарчээ.

Харин Газрын тосны газар нийт 102.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэнээс газрын тосны орлого 101.3 тэрбум төгрөг, бусад орлого 1.4 тэрбум төгрөг буй аж.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 47 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 53, Аи-92 автобензин 48, дизелийн түлш 45, ТС-1 44 хоногийн нөөцтэй байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш