logo
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошиматай уулзалт хийв

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошиматай уулзалт хийв

2015/08/31

Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд оролцохоор АНУ-д айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.08.30/ Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошиматай уулзалт хийв. Уулзалтын эхэнд Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошима хэлэхдээ, Нью-Йорк хотноо маргааш нээлтээ хийх Дэлхийн парламентын Спикерүүдийн IV бага хурлыг тохиолдуулан тантай уулзах завшаан олдсонд туйлын баяртай байна. Таны өнгөрсөн хоёрдугаар сард Япон Улсад хийсэн айлчлал хоёр орны парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан. Хоёр орны парламентын бүлгүүд хоёр улсын харилцааны гүүр болон ажиллаж ирснийг мөн дурдах хэрэгтэй. Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярыг өнгөрсөн долдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх үеэр манай улсыг төлөөлөн төлөөлөгч оролцсон. Хоёр орны хөгжүүлж буй стратегийн түншлэлийн харилцаанд бид өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид ч хоёр орны харилцаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэдэг гээд, Монгол болон Япон Улсын харилцааны талаар ярихад заавал хөндөгддөг сэдэв бол “Сумо” болохыг Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошима хэлж байлаа.

УИХ-ын дарга З.Энхболд, Дэлхийн парламентын Спикерүүдийн IV бага хурлын үеэр тантай уулзаж байгаадаа баяртай байна. Япон Улстай найрсаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гуравдагч хөрш” Япон улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдөг гэлээ. Сүүлийн жилүүдэд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, итгэлцэл бэхжсэн. Хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсан нь туйлын ач холбогдолтой бөгөөд харилцан бие биенээ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна. Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абегийн дэвшүүлсэн “Эрч”, “Эрч нэмэх” санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлье. Цаашид хоёр орны хооронд байгуулагдсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт түшиглэн японы хөрөнгө оруулалт, ноу-хауг нэвтрүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Японы болон гуравдагч зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ, эдийн засгийн хэлхээ холбоонд нэгдэх эрмэлзэлтэй байгаагаа УИХ-ын дарга хэлж байв.

Уулзалтын үеэр Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошима өмнө нь Хөдөө аж ахуй, загас агнуурын асуудал хариуцсан сайдын албан тушаалыг хашиж байснаа дуулгаад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболдоос Хөдөө аж ахуйн салбарын өмнө тулгарч буй асуудлуудын талаар асуулт асууж, харилцан ярилцлаа.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошиматай хийсэн уулзалтад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Монгол Улсаас Нью-Йорк хотноо суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч  С.Сүхболд болон албаны бусад хүмүүс байлцав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш