АСЕМ-ын Бэлтгэл Ажлын Албаны ахлах албан тушаалтан, Элчин сайд Л.Оргил Бельги Улсын Брюссель хотноо энэ есдүгээр сарын 10-11-нд зохиогдох АСЕМ-ын “Ахлах албан тушаалтнуудын уулзалт”-д оролцоно. Тэрбээр АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэх Ажлын Хэсгийн хуралдаан, HECA буюу Зүүн Хойд ба Өмнөд Азийн хэсгийн хуралдаануудыг даргалах юм. Мөн есдүгээр сарын 9-нд болох Ази-Европын холбогдолтой сэдвээр бага хуралд илтгэгчээр оролцох ажээ.
“Ахлах албан тушаалтнуудын уулзалт”-аар ирэх 11-р сард Люксембургт болох “Тогтвортой баталгаатай ирээдүйн төлөө хамтран ажиллах нь” сэдэвт 12 дахь удаагийн АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцах юм.
Мөн ирэх онд тохиох АСЕМ-ын 20 жилийн ойг угтаж өнгөрөгч хугацаанд хийж бүтээсэн ажил, амжилт ололтыг нэгтгэн дүгнэж, ирэх арван жилийн хэтийн төлөвлөгөөнд хэлэлцэх асуудлыг боловсруулна. Түүнчлэн Гадаад хэргийн сайд нарын хэлэлцүүлэгт зориулж дэлхийн цаг агаарын өөрчлөлт, тогтвортой хөгжил, хоёр тив хоорондын харилцаа, бүс нутгийн болон олон улсын бусад сэдвээр хэлэлцэх асуудлыг бэлтгэнэ.
Уулзалтыг “Европын Гадаад үйл ажиллагааны Ази, Номхон далайн бүс нутгийн алба”-ны гүйцэтгэх захирал, Европын холбооны АСЕМ-ын Ахлан албан тушаалтан, ноён Уто Астуто ахлан явуулна. Түнш орнуудын ахлах албан тушаалтнуудын уулзалт нь АСЕМ-ын байнгын үйл ажиллагааг зохицуулах зорилгоор тогтмол зохиогддог бол Гадаад хэргийн сайд нарын уулзалт илүү өргөн цар хүрээтэй, Ази-Европын уулзалтын үйл явцыг бүхэлд нь зохицуулах үүрэг бүхий, улс төрийн яриа хэлэлцээний гол хөдөлгөгч хүч юм.
Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын бүрэлдэхүүнд Азийн 20, Европын 30 орон болон Европын Холбооны Комисс, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар хэмээх олон улсын хоёр байгууллага багтдаг. Манай улсад ирэх 2016 оны долоодугаар сард АСЕМ-ын 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалт болох бөгөөд энэ нь уг уулзалтын 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой.