logo
“УИД” ХК-ийн асуудлаар нэхэмжлэл гаргажээ

“УИД” ХК-ийн асуудлаар нэхэмжлэл гаргажээ

2015/09/03

Санхүүгийн зохицуулах хороонд “Улсын Их Дэлгүүр” хувьцаат компанийн жижиг хувьцаа эзэмшигчдээс удаа дараа гомдол ирж байгаа. Тэдний гаргасан гомдол хэр үндэслэлтэйг тогтоохоор газар дээрх шалгалтыг Санхүүгийн зохицуулах хорооноос хоёр ч удаа хийсэн.

Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооноос томилогдсон ажлын хэсэг 2015 оны хоёрдугаар сар, дөрөвдүгээр сард шалгалт явуулж, “Номин Холдинг” группын гишүүн компаниудын хооронд хийсэн гэрээ, хэлцлүүд, эдгээрийн үндсэн төлбөр тооцоо нь зарим талаар сонирхлын зөрчилтэй, жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд ашиггүй, дүр үзүүлсэн, болохгүйгээ халхавчилсан гэрээ байх магадлалтай гэж дүгнэсэн аж.

Тухайлбал, 2008 оноос хойш хийсэн түрээсийн болон зээлийн нийт 13 гэрээг хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл мөн эсэх нь эргэлзээтэй байгаа гэнэ. Эдгээр гэрээг хүчин төгөлдөр үү гэдгийг тогтоолгохоор жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн өмнөөс Санхүүгийн зохицуулах хороо шүүхэд нэхэмжлэх гаргаад байна.

Тус нэхэмжлэлийг гаргахдаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Үнэт цаас гаргагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл Хороо хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан. Мөн тус хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.16-д “Шаардлагатай тохиолдолд үнэт цаас эзэмшигч /хувьцаа эзэмшигч/ -ийн нэрийн өмнөөс тэдгээрийн эрх ашгийн төлөө итгэмжлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэсэн заалтуудыг хууль зүйн үндэслэл болгосон гэж Санхүүгийн зохицуулах хорооны Эрх зүйн хэлтсийн дарга Н.Батгэрэл мэдэгджээ.

Эх сурвалж: frc.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш