logo
Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурал Тунхаглалаа баталлаа

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурал Тунхаглалаа баталлаа

2015/09/03

УИХ-ын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцлоо. 3 өдөр үргэлжилсэн Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцогч 140 гаруй орны Парламентын спикерүүд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсч буй ирээдүй" сэдвийн дор өнөөдөр /2015.09.02/ Тунхаглалаа баталлаа.

Тунхаглалын зарим зүйлийг дурдвал:

- Энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүр дайн дажингаас ангид, ядуурал, өлсгөлөнг үл эдлэх, тэдний эрх, эрх чөлөө, нэр төрийг нь хүндэтгэх чадвартай тийм л ертөнцийг бид хамтын хүчин чармайлтаар бий болгох нь туйлын зорилт юм.

- Парламент бол ард түмний хүслийг илэрхийлэх ардчиллын төв-гол цэг байгууллага мөн. Бид, дэлхийн парламентын спикерүүд, бидний өмнө тулгарч буй дэлхийн олон олон сорилтуудыг шийдвэрлэхийн тулд өөрсдийн дуу хоолойг илэрхийлэхээр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд хуран цуглаад байна.

- Энэхүү Тунхаглалыг баталснаар бид онцгой үүрэг, хариуцлага хүлээхийн зэрэгцээ хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглалыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлж хамгаалах, энх тайвныг бэхжүүлэх зорилгоор батлагдсан олон улсын гэрээг хэрэгжүүлэх зорилготой билээ. Энэ нь илүү сайн сайхан ертөнцийг бий болгоход чиглэгдсэн хамтын хүчин чармайлт төдийгүй ардчиллын хэм хэмжээг хангах нь бидний зорилт юм.

- Бид ардчилалд суурилсан, энх тайван, хөгжлийн эрин үед амьдарч буй хэдий ч бид саад бэрхшээлтэй тулгарсаар байна. Дайн ба зөрчил дэлхийн зарим өнцөг буланд өрнөж,  энэ байдал нь зарим тохиолдолд хэт их харгислалын шинжтэй болж  байна. Үүний уршгаар сая сая хүн тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд амиа алдсаар байна. Энэ нь дэлхийн зарим бүс нутагт ардчиллын тулгуур зарчмын нэг болох хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх үзлээс ухарч буй хэрэг юм. Мөн террорист халдлагууд зогсолтгүй гарсаар байна. Иймд, дэлхийн парламентууд хамтын ажиллагаагаа сайжруулж, НҮБ-аас баталсан тогтоол, олон улсын гэрээ, конвенци зэрэг холбогдох бүхий л баримт бичгийн хэрэгжилтийг дэмжиж, терроризмтай тэмцэх болно.

- Бид цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгохын тулд илүү хүчин чармайлт гаргахыг уриалж байна. Бид хүний наймаа, хар тамхи, хууль бус зэвсгийн худалдаа, хүн хулгайлах, мөнгө угаах зэрэг зохион байгуулалттай үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх хүчтэй хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхэд  яаралтай арга хэмжээ авахыг энэхүү тунхаглалаар уриалж байна.

- Дэлхийн бүхий л бүс нутагт сая сая эмэгтэйчүүд, охидууд бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Бид одоо жендэрт суурилсан хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсоохыг бүх улс орнуудад уриалж байна. Бүх төрлийн ялгаварлан гадуурхалтад төгсгөл тавих  цаг болсон. Бид бие биенийхээ соёл, шашин шүтлэг, уламжлалыг хүндэтгэдэг тийм л нийгмийг бий болгоход илүү анхаарах шаардлагатай болсныг бүх улс орнуудад уриалж байна.

- Хүмүүс сайн сайхан амьдралын эрэлд өөр бүс нутаг, улс оронд шилжин амьдарч  болно. Харин тэд аюул заналын улмаас албадан нүүлгэгдсэн бол олон улсын нийгэмлэг дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Бид дүрвэгсэд болон шилжин суурьшигчдыг хамгаалах, мөн өөр өөрийн эх орондоо тогтвортой, хөгжин цэцэглэсэн нийгмийг бий болгоход бүх улс орнууд анхаарах хэрэгтэйг уриалж байна.

- Бид эрх зүйт төрийн төлөө ажиллах хэрэгтэй. Дэлхийн парламентууд эрх зүйт төрийг цогцлоогч, эрх тэгш, шударга ёсыг хангахад  дэмжлэг үзүүлэх ёстой. Бид олон улсын эрх зүйг мөрддөг төдийгүй хүний эрхийн болон олон улсын холбогдох пактуудыг дээдлэхэд онцгой анхаарахыг уриалж байна.

- Хүн төрөлхтөний сайн сайхны төлөө, тэдний амьдралыг сайжруулах зорилго бүхий Мянганы хөгжлийн зорилтууд нь дэлхийн хүчин чармайлтыг төвлөрүүлж чадсан. Зарим улс орнууд Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай биелүүлсэн бол зарим орнууд ухралт хийсэн болон зорилтууд биелэгдээгүй олон шалтгаан байна. 2015 оноос дэлхий нийт илүү өргөн хүрээнд хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлэх боломжтой бөгөөд түүүний дотор ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах асуудал чухалд тооцогдож байна.  

- Бид Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд 2030 шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Үүнд, ядуурлыг бууруулах, эдийн засаг, нийгэм болон байгаль орчны хамгааллыг дэмжих зэрэг асуудлуудыг хэлэлцэх нь энэхүү шинэ хөтөлбөрт багтсан болно. Эдгээр зорилтуудад тогтвортой бус хэв маягийг өөрчилж, тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих, хамгаалах, сайжруулах, мөн байгалийн нөөцийг илүү үр нөлөөтэй ашиглах асуудалд анхаарч байна хэмээн тунхаглалд заасан байна.

Олон Улсын парламентын холбооноос зохион байгуулдаг Парламентын спикерүүдийн дэлхийн  бага хурал нь 5 жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн хувьд 2015 онд дуусч буй Мянганы хөгжлийн зорилтуудыг дүгнэж цэгнэх, хэрэгжилтийн үеэр дэлхий нийтээр анхаарвал зохих асуудлыг хэлэлцэх, мөн ирэх 15 жилийн зорилтуудыг тодорхойлоход парламентын түвшинд ямар ажил хийвэл зохистой талаар хэлэлцлээ. Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш