Гватемалд өчигдөр парламентын болон ерөнхийлөгчийн сонгууль болж, одоо саналын хуудас тоолох ажил ид үргэлжилж байна. Тус улсын сонгуулийн дээд хорооны мэдээлснээр сонгуулийн урьдчилсан дүн өнөө орой гарах гэнэ. Төв Америкийн энэ улсын хүн амын 50-иад хувь буюу ойролцоогоор 7.5 сая гаруй хүн санал өгөх эрхтэй. Сонгууль ямар нэгэн хэрэг зөрчилгүй болсон тухай мэдээ ирж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд 14 хүн нэрээ дэвшүүлж өрсөлдсөн. Эдгээрээс 3 нь л ялах магадлал өндөртэй гэж ажиглагчид үзэж байна.
Тухайлбал, Гватемалын сөрөг хүчний томоохон намын нэг “Шинэчилсэн ардчилсан эрх чөлөө” намын тэргүүн, хуульч, бизнесмен Мануэль Бальдисон хэдхэн жилийн өмнө улс төрд орж ирсэн хошин шогийн нэрт жүжигчин Жимми Моралес, өмнө нь тэргүүн хатагтай байсан Сандра Торрес нар ялах магадлал хамгийн өндөр байгаа гэнэ. Хэрвээ нэр дэвшигчид 50 хувийн санал авч чадахгүй тохиолдолд ирэх аравдугаар сарын 25-нд хоёр дахь шатны сонгууль явагдана. Эндээс ирж байгаа мэдээгээр нэр дэвшигч дунд хэн нэг нь төрийн тэргүүний сонгуульд тэргүүлж байна гэх мэдээ байхгүй байгаа тул хоёр дахь шатны сонгууль явуулах магадлал маш өндөр.
Гватемалын эрх барих дээд түвшинд авлига хээл хахууль газар авсан гэх хэргийг мөрдөн шалгаж, тус улсын өмнөх ерөнхийлөгч Отто Перес Морина хүртэл сэжигтнээр холбогдсон. Үүнээс болж Перес Морина албан тушаалаасаа огцорч, тус улсад өнгөрсөн амралтын өдөр ерөнхийлөгчийн сонгууль болсон нь энэ юм. Гватемалд шинэ ерөнхийлөгчийг сонготол дэд ерөнхийлөгч Алехандро Мальдонадо төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэж байна.