logo
Засгийн газрын зарим гишүүдийг томиллоо

Засгийн газрын зарим гишүүдийг томиллоо

2015/09/09

Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай” асуудал болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан. Гэсэн ч өнөөдөр үдээс өмнө хуралдсан Хууль зүйн байнгын хороон дээр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Өршөөлийн үзүүлэх тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцэх асуудлаар тав хоногийн завсарлага авсан юм. Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Ингээд Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсны дараа

- Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг,

- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Намдагийн Батцэрэгийг,

- Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Баярбаатарын Болорыг,

- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг,

- Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгэ, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг,

- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг томилуулахыг дэмжсэн талаарх холбогдох байнгын хороодын санал, дүгнэлтийг тус тус танилцуулав. Нэр дэвшигчдийг нэгбүрчлэн хэлэлцэх явцад гишүүд Монгол Улсын Шадар сайд болон нэр дэвшигчдээс асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг томилохыг дэмжих саналыг 89,7 хувиар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Намдагийн Батцэрэгийг томилохыг дэмжих саналыг 88.1 хувийн саналаар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Баярбаатарын Болорыг томилохыг  дэмжих саналыг 91,7 хувиар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгийг томилохыг дэмжих саналыг 93,1 хувийн саналаар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг томилохыг дэмжих саналыг 87,5 хувийн саналаар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг томилохыг дэмжих саналыг 98,3 хувийн саналаар тус тус дэмжиж баталлаа.

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга З.Энхболд шинээр томилогдсон сайд нарт баяр хүргэн хариуцсан салбартаа ажлын амжилт гаргахыг хүслээ.

Мөн ирэх долоо хоногийн мягмар гарагт УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Өршөөлийн үзүүлэх тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцэх асуудлаар тав хоногийн завсарлага авсан хугацаа дуусгавар болох тул чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдаан үргэлжлэн хуралдана гэдгийг Улсын Их Хурлын дарга гишүүдэд сануулав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш