АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Рассел Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг хүндэтгэн зоог барьж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
Д.Рассел “Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Тантай уулзаж, Монгол Улсын гадаад бодлого, улс орны талаар ярилцсандаа нэн баяртай байгаагаа уламжилсныг Танд дамжуулж байна. Монгол Улс авилгатай тэмцэх, ил тод байдлыг хангах, бизнесийн орчноо сайжруулах талаар хүч чармайлт тавьж ажиллаж байгааг бид мэдэж байгаа. Манай хоёр орны хооронд байгуулсан Ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр ч үүнд чиглэсэн учраас түүнийг тууштай хэрэгжүүлж чадваас нэн тустай гэдэгт итгэж байна” гэв.
Сайд Л.Пүрэвсүрэн өөрийнх нь АНУ-д хийж байгаа айлчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж, ТНБД Ж.Керритэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөн хүрээтэй түншлэлийн хүрээнд гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцсандаа баяртай байна гээд манай улсын зүгээс хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг тодорхой болгох, дотоод, гадаадын компаниудад тэгш үйлчлэх, авилгатай тэмцэх чиглэлээрх хуулийг хэрэгжүүлж ажиллаж байгааг тэмдэглэв.
Тэрбээр АНУ Монголын ардчиллын 25 жилийн ойд төр засгийн өндөр албан тушаалтан оролцуулахаар болж байгаад талархал илэрхийлэв.Талууд мөн бүс нутаг болоод олон улсын харилцааны сонирхсон асуудлаар санал солилцов.