logo
Энхтайвны Корпусын захирал хатагтай К.Раделетай уулзав

Энхтайвны Корпусын захирал хатагтай К.Раделетай уулзав

2015/07/17

АНУ -д айлчилж буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн  Энхтайвны Корпусын захирал хатагтай К.Раделетай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Л.Пүрэвсүрэн сайд Америкийн сайн дурынхан Монгол Улсын ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг урагшлуулах, үнэт зүйлсийг ойлгуулан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцоллоо. Мөн энэ онд тохиож буй Хэлэлцээр байгуулсны 25 жил, 2016 онд болох анхны сайн дурынхныг хүлээн авсны 25 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, тодорхой ажил арга хэмжээг хамтран зохион байгуулах талаар ярив.

Манай улс АНУ-ын Энхтайвны Корпустай хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт 1990 онд гарын үсэг зурсан бөгөөд  1991 онд Энхтайвны корпусын анхны сайн дурынхан ирж байжээ. Үүнээс хойш Монгол улсад 1149 сайн дурын ажилтан ажиллаж, манай улсын хот, хөдөө орон нутагт боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр ажилласан байдаг. Өдгөө манай  улсын 21 аймагт 125 сайн дурын ажилтан ажиллаж байгааг хатагтай К.Раделе хэлэв.

Гадаад хэргийн сайд АНУ-ын сайн дурынхан Монголын хот, хөдөөд тархан ажиллаж байгааг олзуурхан тэмдэглэж, энэ нь Монголын шинэ залуу үеийнхэн ялангуяа хөдөө орон нутгийн залуучуудад англи хэл сурах боломж олгож байгаагийн дээр тэд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх гүүр болж байна гэв.  Түүнчлэн дэлхий ертөнц техникийн дэвшлийн давуу талыг ашиглан байнга холбоотой мэт байдаг хүн хоорондын харилцаа нь юугаар ч сольшгүй эрхэм зүйл бөгөөд ийм үнэт зүйлсийг сайн дурынхан бүтээж байгаа нь талархууштай  хэрэг гэлээ.

Хатагтай К.Раделе Монгол Улсын Засгийн газар сайн дурынхныг ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа хэлэв.  Тус улсын сайн дурынхан манай улсад ирснийхээ дараа хугацаагаа сунгаж, зарим нь эргэж очдог нь тэдэнд ажиллах орчин нөхцөл нь таалагдсны тод жишээ гэдгийг хатагтай К.Раделе онцолсон юм.

Талууд цаашид зорилтот бүлэгт чиглэсэн тодорхой хөтөлбөр төсөл дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш