Тус арга хэмжээг нээж, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва үг хэлэв. Тэрээр “Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын хууль тогтоогчид оролцож буй энэ хоёр өдрийн хурлын үеэр ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэж, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвээр ярилцах болно.
Түүнчлэн хүрээлэн байгаа орчинтой холбоотой асуудал, ус, хүнсний хангамж, цаг уурын өөрчлөлтийг хэрхэн даван туулах талаар ярилцах ёстой. Маргааш бид хүний хүчин зүйлсийг хэрхэн давах туулах талаар ярих юм” гэлээ. Мөн тэрээр, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын хэд хэдэн гишүүн орондоо төлөөлөгчийн газар байгуулж, дэмжлэг үзүүлэх боломж бүрдээд байгааг тэмдэглэн, цаашид энэ мэт төлөөлөгчийн газруудыг олон оронд байгуулах нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэлэв. Түүнчлэн Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд ШХАБ болон НҮБ оролцож байгааг онцлон тэмдэглээд нийт оролцогчид болон хурал зохион байгуулагчдад ажлын өндөр амжилт хүслээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын нээлтийн үеэр үг хэлсэн үгэндээ, Монгол Улс гурван жилийн өмнө 1975 оны Хельсинкийн Төгсгөлийн баримт бичгийн үндсэн зарчимд тулгуурлан байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад жинхэнэ гишүүнээр элссэн. Энэхүү чухал байгууллагад гишүүнээр элссэнээр Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогоо бэхжүүлэх, түүний дотор аюулгүй байдлын асуудлаар гишүүн орнуудтай хамтран ажиллах, мэдээлэл, туршлага харилцан солилцох, яриа хэлэлцээнд тогтмол оролцох бодит нөхцөл бүрдсэн юм.
Өнөөдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага дэлхий дахинд болон бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад онцгой чухал үүрэг бүхий байгууллага болон бэхжиж байна.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн хурлаар “ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх, бүс нутагт тулгараад байгаа эдийн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшгийн эрсдлийг бууруулах мөн хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шашин шүтэх болон хүйсийн эрх чөлөө зэрэг олон чухал асуудлыг бид хамтдаа хоёр өдөр хэлэлцэхээр төлөвлөж байна гэлээ. Төгсгөлд нь тэрээр хуралд 47 улсаас 300 гаруй төлөөлөгч, олон улсын 13 байгууллагаас 19 төлөөлөгч оролцож байгааг тэмдэглээд, нийт оролцогчдод талархал илэрхийлэн, тавтай зочлохыг хүссэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мөн хурлын нээлтэд оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр "Одоогоос 40 жилийн өмнө Хелсинки хотноо ЕАБХАБ-ын үндэс суурийг тавих уулзалт болж байсан. Мөн 25 жилийн өмнө ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейг Парис хотноо байгуулахаар тогтож байжээ. 1990 оны 7 дугаар сард Монгол Улсад анхны ардчилсан олон намын оролцоотой сонгууль болсон юм.
Монгол Улс 1990 оны IX сард анхны байнгын ажиллагаатай Парламентыг байгуулан нээлттэй, ардчилсан бодлогыг тууштай хэрэгжүүлж ирлээ. Бид сайн мэднэ. Дэлхийн 2-р дайны дараа Европ 30 жил үл итгэлцэл зөрчил тэмцлийн дунд оршсон. Үүнээс гарах арга замыг олоход ЕАБХАБ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Энэ үйл явц улмаар дэлхийн хүйтэн дайныг эцэс болгосон.
Эрхэм хүндэт хурлын дарга аа,
Европ тив хөгжил дэвшил, нээлттэй, энх тайванч байдлаараа бусдад үлгэр дууриал үзүүлж ирсэн.
Шуудхан хэлэхэд Украйны нөхцөл байдал Европыг эргээд үл ойлголцол, гүнзгий зөрчил рүү түлхэж магадгүй байна.
Украйны асуудлыг зөрчил тэмцлийн аргаар шийдвэрлэх боломжгүй нь харагдаж байна.
Тэр тусмаа хориг тавих, яриа хэлцлээс татгалзах замаар шийдвэрлэх аргагүй юм. Монгол Улс юуны түрүүнд Украйнд талууд гал зогсоож, Минскийн энхийн төлөвлөгөөг тууштай хэрэгжүүлэх замаар асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байна" гэлээ. Мөн тэрээр тулгамдсан ямар ч хүнд сорилтыг шийдэх боломж хүн төрөлхтний гарт байгааг дурдаад шинжлэх ухаан, технологийн гайхамшигт ололтууд байна. Энэ эрин үед өсөж бойжин гарч ирж буй tech-savy, нээлттэй, бүтээлч шинэ үе болон ЕАБХАБ байгааг онцлон тэмдэглэсэн юм. Зарим сорилт нэг тивийн хүрээнээс хальж гарч байна. Энэ нь тив тивд аюулгүй байдал, хамтын ажиллагааны шинэ, нээлттэй механизм бүрдүүлэхийг шаардаж байна. Үүнд ЕАБХАБ нь нийтлэг яриа хэлэлцээний талбар, тив дамжсан хамтын ажиллагааны шилдэг загвар, хүнд хэцүү асуудалд шийдэл олоход манлайлагч нь байж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлсэн.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн намрын хурал “ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Хурлын үеэр “Бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх: ЕАБХАБ-ын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа”, “Бүс нутагт тулгараад буй эдийн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшгийн эрсдлийг бууруулах ба усны менежмент: олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь”, “Ардчилсан институциуд, хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө, хүйсийн эрх тэгш байдлын хөгжил” сэдэвт салбар хурлдаанууд болно.